АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигыг санаатайгаар нуун дарагдуулж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол төрийн бодлого Үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Баяр наадмаас шалтгаалаад авлигын асуудал олон нийтийн анхаарлаас гарч болохгүй учраас мэдээлэл хийж буйгаа хэлэв.
Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 29-ны өдөр 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өгсөн. Тус бичигт 19 гишүүн гарын үсэг зурсан юм. Харин тус бичиг нь Хуульзүйн байнгын хороонд очоод замхарч болзошгүй байгааг Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэллээ.
Энэ тухай тэрбээр “Хуульзүйн байнгын хороо бол ард түмнээс сонгогдсон УИХ-ын субьект. Энэ субьект хүртэл шударга үнэний өмнө дуу хоолой нь бүдгэрч байгаад харамсаж байна. Баяр наадмын өмнөх өдөр хүртэл хүлээнэ гэдгээ Хуульзүйн байнгын хорооныхонд хэлсэн. Тэгээд өнөөдөр 11 цаг хүртэл хүлээлээ. Ямар ч хариу ирсэнгүй. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай бичгийг УИХ-ын даргад өгч байна. Тус бичигт УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурсан байна.
60 тэрбум, Чингис Самурай бонд, Эрдэнэт зэргээр замхарсан бүх асуудлыг УИХ сонсох нь зүйтэй. АТГ-ын дарга Х.Энхжаргал мэдээлэл хийх ёстой. Бид АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж үзэж байна. 60 тэрбум болон бусад авлигын асуудал дээр ийм байдалтай явбал энэ ажлыг хийх ёс суртахууны эрхгүй. Энэ асуудлыг хаалттай биш нээлттэй чуулганаар ард түмэндээ тайлагнах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хуулийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг хүсэлт өгснөөс хойш14 хоногийн дотор зарлан хуралдуулах ёстой юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ