Дарханы замыг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа

Улаанбаатар-Алтанбулаг-Дархан чиглэлийн замыг шинэчлэн, өргөжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Нийт 60 сая ам.долларын төсөвтэй энэ ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран хийх юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар өнөөдөр гарын үсэг зурав.

Тус хэлэлцээрийн талаар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч “Сайн замыг олон сайн зүйл дагаж ирдэг. Нийгмийн үйлчилгээ ойртож, олон улсын эдийн засгийн гарцад холбогддог сайн талтай. Энэ нэн чухал шаардлагатай төслийг эхлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн хэллээ.
Харин Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Энэ зам Монгол Улсын эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Үүнийг ойлгож, Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд тус дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Дархан чиглэлийн замыг шинэчилж байгаа нь ард түмнийхээ төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт юм” хэмээн тус төслийн ач холбогдлыг тодотголоо.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Азийн хөгжлийн банктай 60 сая ам.долларын санхүүжилттэй авто замын өргөтгөл шинэчлэлийн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодорхой хэмжээнд хугацаа алдсан. Дархан руу концессын гэрээгээр зам тавина гэж гэрээ нь зурагдаад, гүйцэтгэгч компани санхүүжилтээ босгож чадаагүй асуудал үүссэн. Ингэж хугацаа алдсаны улмаас Засгийн газраас Азийн хөгжлийн банктай ярьж, гэрээг эхлүүлж байна” хэмээн ярилаа.
Энэ зээл нь 27 жилийн хугацаатай аж. Эхний долоон жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийг 20 жилийн хугацаанд төлөх юм байна. Улаанбаатар-Алтанбулаг-Дархан чиглэлийн 310 км замын бэлтгэл ажлыг энэ жилдээ багтаан хийх аж.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ