Хойд Солонгос руу 130 тонн будаа явуулсан эмэгтэйд ял оноов

Хойд Солонгосоос зугтааж, Өмнөд Солонгост цагаачлан ирсэн Ли гэх 49 настай эмэгтэйд 2.6 жилийн ял оноосон байна. Эмэгтэйд ял оноосон нь тэрбээр хууль бус наймаа хийсэнтэй холбоотой хэмээн Өмнөд Солонгосын Сувон хотын шүүхээс мэдэгдлээ.
Тэрбээр нутагтаа буцаж очихын тулд Хойд Солонгосын цагдаатай нууц гэрээ байгуулж, Пхеньян руу 130 тонн цагаан будаа явуулсан хэмээн буруутгагджээ. Мөн эмэгтэй хоёр ч удаа Хойд Солонгосын Засгийн газар руу цагаан будаа илгээж, зуучлагч этгээдэд 80 сая вон өгчээ.
Шүүхийн үеэр тэрбээр “Би хүүгийнхээ төлөө энэ бүхнийг хийсэн. Би Хойд Солонгосын Засгийн газар руу бус гэр рүүгээ цагаан будаа явуулсан” хэмээн хэлсэн байна.
Гэхдээ Өмнөд Солонгосын Шүүхийн байгууллага “Ийм их хэмжээний цагаан будааг Хойд Солонгосын томоохон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нууцаар хил давуулах ямар ч боломжгүй. Тиймээс энэ хэрэг ганц хүний хэрэг бус Засгийн газрын хэмжээний асуудал” гэж мэдэгдлээ.
Ли өнгөрсөн 2011 онд Хойд Солонгосоос зугтаасан бөгөөд өмнөдөд ирснийхээ дараа хувийн бизнесээ эхлүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ