ТУРК: Монголд хүн хулгайлах оролдлого хийгээгүй

img

Турк улсын Засгийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт “хүн хулгайлах оролдлого” хийсэн гэдгийг эрс үгүйсгэсэн талаар “AFP” агентлаг мэдээллээ.

 

 

Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аской уг асуудлаар албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Баасан гаригт Монгол Улсад болсон явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэнд туйлаас харамсалтай байна. Энэ бол худлаа мэдээлэл. Энэхүү мэдээллийг эрс няцааж байна” хэмээн хэллээ.

 

“Монгол-Турк сургуулийн захирал Вейсел Акчайг Улаанбаатар хот дахь гэрийнх нь урдаас таван залуу хулгайлсан” хэмээн гэрчүүд өгүүлсэн. Энэхүү учир битүүлэг үйл явцтай зэрэгцэн Туркийн агаарын хүчний “ТТ4010” дугаартай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байсан юм.

 

Өөрийг нь хулгайлсан этгээдүүдийн талаар захирал “Би мэдэхгүй байна” гэж хариулжээ.

 

Монгол Улсын Гадаад хэргийн яам "Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлна гэдэг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл” хэмээн мэдэгджээ.

 

Вейсел Акчайг өнгөрсөн 2016 онд Туркт төрийн эргэлт хийхийг санаархсан шашны номлогч Фетуллах Гюлентэй холбоотой гэв. Гэхдээ уг мэдээллийг гэр бүл, найз нөхөд болон сургуулийн хамт олон нь эрс үгүйсгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ