Эрх баригчид сурагчдыг жагсаалаа зогсоож, хичээлдээ суухыг уриаллаа

Бангладеш улсад олон мянган сурагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна.
Сурагчид ийнхүү жагсаал зохион байгуулж буй нь өнгөрөгч долоо хоногт дунд сургуулийн хоёр сурагч гарцаар гарч байхдаа автобусанд дайруулж амиа алдсантай холбоотой аж.
Тус улсад сурагчдын эсрэг гэмт хэрэг их гардаг бөгөөд дээрх ослын дараагаас сурагчид хичээлдээ явахгүйгээр жагсаалд нэгджээ.
Нийслэл Дакка хотын томоохон гудамж, талбайд олон мянган хүүхдүүд эрхийнхээ төлөө жагсах болжээ. Жагсагчид улсын ирээдүй болсон хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө томоохон алхмыг хийхийг шаардсан байна.
Боловсролын яам “Хүүхдүүд авто ослоор харамсалтайгаар амиа алдсаны дараа олон зуун хүүхэд эрхийнхээ төлөө жагсах болсон. Энэхүү жагсаалын улмаас олон сургууль үйл ажиллагаагаа зогсооход хүрлээ” гэж мэдэгджээ.
Эрх баригчид сурагчдын бүх шаардлагыг хүлээн авахаа илэрхийлэн “Та бүхэн уур хилэнгээ багасгаж, одоо хичээлдээ суух хэрэгтэй. Та бүхэн улс орныхоо төлөө зөв алхам хийх хэрэгтэй. Бид шат дараатай алхмууд хийж, та бүхний эрх, эрх чөлөөг хамгаалах болно. Бидэнд итгэж болно” гэсэн байна.
Тус улсад өнгөрсөн онд 4,000 явган зорчигч авто ослоор амиа алдагджээ. Осол гаргасан ихэнх жолооч хөдөлгөөнд оролцохдоо ямар ч үнэмлэхгүй байсан нь тогтоогдсон гэнэ. Сурагчид замын цагдаа нарыг ажлаа сайн хийж, шалгалтаа чангаруулахыг шаардаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ