В.Путин: Ким Чен Унтай яаралтай уулзмаар байна

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахыг хүссэн эрхмүүдийн цуваа үргэлжилсээр байна.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон жилийн турш найрсаг, ахан дүүсийн харилцаатай байгаа Ким Чен Унтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.
Хойд Солонгос өчигдөр Японы дарангуйллаас чөлөөлөгдсний өдрийг тэмдэглэсэн юм. Уг баярт үйл явдлыг тохиолдуулан Путин, Ким Чен Унд баярын цахилгаан илгээсэн аж.
Тус баярын цахилгаанд “Тантай ойрын хугацаанд уулзаж, хоёр улсын дундах нөхөрсөг харилцаа болон хамтын ажиллагааны талаар хэлэлцэх болно” гэж бичжээ.
Ким Чен Ун өдгөө БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй хоёр удаа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай нэг удаа, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй хоёр удаа уулзаад буй юм. Хоёр Солонгосын удирдагчид ирэх есдүгээр сарын 12-нд Пхеньян хотноо гурав дахь удаагаа уулзахаар тохиролцоод байна. Мун Жэ Ин хойдод анх удаагаа айлчлах билээ.
“Ким Чен Ун дээрх уулзалтаас өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абетай уулзах магадлалтай” талаар Токио мэдээлсэн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ