Болтон: Турк, номлогчийг суллавал маргаан хоромхон зуур төгсөх болно

Туркийн шүүх энэ сарын эхээр АНУ-ын номлогч Эндрью Брансоныг терроризмыг санхүүжүүлсэн хэмээн буруутган, баривчлах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс буруутгаж, Анкарагийн эсрэг хатуу хориг тавьсан билээ.
Туркийн ган, хөнгөн цагаанд ноогдуулах татварыг хоёр дахин нэмж, Туркийн хоёр сайдад хориг тавьж, АНУ дахь хөрөнгийг царцаасан юм.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эцсээ хүртэл буулт хийхгүй гэдгээ Трампт хандан мэдэгдээд буй.
Вашингтон хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцааг эцэслэх болзлоо нэрлэжээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон мэдэгдэв.
Болтон Израйлийн нийслэл Иерусалем хотноо айлчилж буй бөгөөд энэ үеэр "Ройтерс" агентлагт ярилцлага өгчээ.
Тэрбээр “АНУ, Туркийн дунд үүссэн маргаан хоромхон хугацаанд дуусах бүрэн боломжтой. Туркийн эрх баригчид АНУ-ын иргэнийг суллавал энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Туркийн Засгийн газар номлогчийг баривчлах шийдвэр гаргасан нь хамгийн буруу шийдвэр байлаа. Тухайн үед нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол хоёр улсын харилцаа өнөөдрийнх шиг хурцдахгүй байв. Номлогчийг суллавал харилцаагаа хэвийн үргэлжлүүлж болно” гэж хэлжээ.
“Турк “НАТО”-ийн гишүүн орны хувиар номлогчийг суллавал бүх хориг, хямрал дуусах болно” хэмээн Болтон мэдэгдлийнхээ төгсгөлд онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ