Он гарсаар автын ослоор 24 хүүхэд хорвоог орхижээ
2018-08-27

Орон нутгийн зам хамтарсан шалгалтууд үргэлжилж байна

 

 

2018 он гарсаар Монгол улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Хэдийгээр осол, хэрэг, амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хамгийн их тулгамдсан асуудал болсоор байна. Учир нь ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгдэхээс гадна дийлэнх хувь нь жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

 

Иймд хөдөө, орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг 6-10 дугаар саруудад Замын цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлж, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж  ажиллаж байна.

 

Тухайлбал: Орон нутгийн замд теле хяналтын камер болон зөөврийн хурд хэмжигч багажаар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийн үзлэг шалгалтыг хийж, сайжруулах, мөн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран  хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллахаас гадна хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, сэрэмжлүүлэх самбарууд байршуулах зэрэг ажлуудыг шат дараалан зохион байгуулж байна.

 

Түүнчлэн 18 аймагт 27 авто замын байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа бөгөөд одоогоор 4 аймагт 7 постын бүтээн байгуулалтын ажил дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

 

Зохион байгуулсан ажлын үр дүнд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08  дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд гэмт хэрэг 45 нэгжээр буюу -25,3 хувиар, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүн 11 нэгжээр буюу -18,3 хувиар, гэмтсэн хүн 35 нэгжээр буюу -29,4 хувиар тус тус буурчээ. Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар нийт 284473 тээврийн хэрэгсэл шалгаснаас 63366 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд хөдөлгөөнд оролцож байгаа 4 тээврийн хэрэгсэл тутмын нэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн статистик судалгаа гарчээ.

 

Удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн оюутан сурагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул энэ чиглэлд хийх хяналт шалгалт 10 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.

 

Хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байгаа ч хувь хүний болон хамт олны ухамсар, соёлын нөлөө хамгаас чухал гэдгийг санаж хөдөлгөөнд оролцогч та дүрэм, журмаа биелүүлж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Зам тээврийн осолд 500 гаруй хүүхэд өртжээ

 

 

2018 он гарсаар эхний 7 сард 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдгээрээс 24 хүүхдийн амь нас хохирч, 95 нь хүнд гэмтсэн байна.

 

Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 10 хүртэл насны хүүхдийн 48.4  хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 38.7 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 12.9 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцсон байна.Түүнчлэн осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны буюу эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой, бие даан замын хөдөлгөөнд оролцох чадваргүй хүүхдүүд осолд хамгийн өртөж байна.

 

Өнгөрсөн жилийн 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20-ны хороонд буюу хичээлийн шинэ жилийн үеэр гэхэд улсын хэмжээнд 11 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд гэмтсэн байна.

 

Хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход насанд хүрсэн ямар ч хүн багш ч, УИХ-ын гишүүн ч, сэтгүүлч ч, жирийн нэг ажилчин, жолооч ч, хүүхдийн аав ээж, ах эгч ч бүгд хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.

 

Мэдээж “Хүүхдүүдээ хамгаалъя” гэсэн урианы хажуугаар жишим ч үгүй тоохгүй өнгөрөх хүн байхгүй байх.  

 

Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь бусад золгүй явдалд өртөхөөс хэдэн арав дахин их байна. Энэ нь томчууд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэхгүй, хүүхдэдээ хайхрамжгүй хандаж хоёрдугаар байрт тавихгүй байхыг шаардаж байна.  

 

Замын хөдөлгөөнд оролцох үедээ хийсэн нэг буруу үйлдэл чинь урд нь өгсөн мянган зөвлөгөөг арчаад л хаячихна. Иймд та зам хөндлөн гарахын өмнө, автомашин жолоодож явахдаа хүүхдэд муу үлгэр дууриал бүү үзүүлээрэй.

Shuud.mn
Сонин хачин