Багш нар учраа олохгүй, ТАЛЦАЖ явна


Нэгэн цагт багш нарын тухай хэн ч дуугардаггүй байв. Тэд 500 мянган төгрөгийн цалинтайгаар олон жил ажилласан. Харин өнгөрсөн оноос эхлэн багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэхээр тэмцэж, бүр ажил хаялт хүртэл зохион байгуулсан. Хот, хөдөөгийн багш нар анх удаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж, нэгэн зэрэг ажил хаяж байсан нь жилийн өмнөх үйл явдал.
Харин өнөөдөр багш нар учраа олохгүй, хэн итгэхээ мэдэхгүй буй. Тэднийг МҮЭХ, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх хоёр байгууллага булаацалдаж, талцуулж байна. Хэн, хэн нь өөрийн байгууллагын үйл ажиллагаанд оноо нэмэх гэж багш нарыг талцуулж, хүүхдүүдийг хохироож байна.
Өчигдөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийв. “Боловсролын сайд Ц.Цогзолмаа гадаадад зугаалж явааг эсэргүүцэж байна” гэх сүржин сэдэвтэй хэвлэлийн хурал үнэн хэрэгтээ Монголын багш нар учраа олохгүй байгааг бэлээхэн харуулав. Товчхондоо багш нар хоёр хэсэгт хуваагдаж, ямар байгууллагыг нь аялдан дагахаа мэдэхгүй байдал үүсчихээд буйг тус хэвлэлийн хуралд оролцогчдын үгнээс тодорхой харагдана.
Багш нарын энэ удаагийн ажил хаялт, суултыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй. Хот, хөдөөгийн 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж, Засгийн газрын тэргүүнд албан бичиг илгээгээд буй. Засгийн газраас багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмэх шийдвэрээ гаргаж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Харин энэ нэмэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас багш нар ажил хаяад буй.
МҮЭХ болон ажил хаялтад оролцож буй багш нар 15 хувийг нэмэгдлийг хүсч буй. Багшийн цалин нэмүүлэх түр хорооны үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мөнхтуяагийн хэлж байгаагаар бага ангийн багш нар 2.7 хувь, дунд ангийн багш нар 8 хувийн төлөө ажлаа хаяж, ард түмний хүүхдийн сурах эрхийг боогдуулж байгаа гэнэ. Сэхээтэн давхаргын гол төлөөлөгч болох багш нар маань 20, 30 мянган төгрөгийн төлөө ажлаа хаяж буйгаа тооцоолсон л байгаа даа?!
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын үндсэн цалинг 1.6 сая төгрөг хүргэх шаардлагыг тавьж буй. Энэ шаардлагаасаа ухраагүй тус холбооныхон багахан нэмэгдлийн төлөө эрсдэл гаргахгүй байхыг багш нартаа уриалж байна. Харин МҮЭХ-нд шударгаар өрсөлдөх саналыг тавилаа. МҮЭХ-г Засгийн газрын гар хөл болохгүйгээр багш нарын эрх ашгийн төлөө нэгдэж тэмцэх уриалгыг ч хэлж байна.
Ямартай ч цөөн хэдхэн хүний амбиц болсон ажил хаялт нийгэмд бухимдал үүсгэж, багш нарыг талцуулж байна. Хөсөр хаягдсан мэт байсан багш нарын асуудлыг сөхөж, хамгаалагч дүр эсгэж гарч ирсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд чухам ямар эрх ашигт үйлчлээд байгаа нь сонин байна. Аль нэг улс төрийн хүчний гар хөл болж, багш нарын амьдрал, ард түмний хүүхдийн эрх ашгаар тоглож наадах нь хэрээс хэтэрвэл хэн хариуцлага хүлээх вэ, Ц.Мөнхтуяа юу, эсвэл Х.Амгаланбаатар уу?!
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ