ОХУ: Оросын “Ил 20” онгоцыг санаатайгаар халхавчаа болгож, устгуулсан

Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж байхдаа пуужинд оногдож, сүйрсэн ОХУ-ын “Ил 20” онгоцны ослын буруутанг Израйль хэмээн мөрдөн шалгах ажиллагааг ахалсан комисс мэдэгдсэн талаар “www.jpost.com” сайт мэдээллээ.
Израйлийн онгоцууд гэнэтийн дайралт хийх үеэр Сирийн армийнхан газар-агаар ангиллын пуужин харваж, санамсаргүйгээр ОХУ-ын “Ил 20” онгоцыг устгасан юм. Ослоор ОХУ-ын цэргийн 15 албан хаагчид амь үрэгджээ.
Кремлийн тэргүүн В.Путин онгоцны сүйрлийг ЗОЛГҮЙ ЯВДАЛ гэсэн ч ослын хариуцлагыг Израйль улс хүлээх учиртай гэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам ослын шалтгааныг тодруулах тусгай комисс байгуулсан ба өчигдөр тайлангаа нийтэд танилцууллаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков “Ил 20” онгоцны ослын буруутан бол “Израйль. Энэ бол 100 хувь баталгаатай. Израйлийн сөнөөгч онгоцууд гэнэтийн дайралт хийж, Сирийн Засгийн газрын эзэмшлийн бүс нутгуудад цохилт өгсөн. Сирийн армийнхан газар нутгаа хамгаалахын тулд хариу цохилт өгөх үеэр “Ил 20” онгоц сүйрсэн. Израйлийн тал зориудаар дайралт хийлээ” гэж мэдэгджээ.
Израйлийн сөнөөгч онгоцууд Сирид цохилт өгч, дахин дайралт хийх үеэрээ Оросын онгоцтой санаатайгаар ойртож, улмаар “Ил 20” онгоцыг халхавчаа болгосон гэнэ. Сирийн армийнхан гэнэтийн дайралт хийсэн Израйлийн онгоц руу пуужин харвах үеэрээ Ил 20 онгоцыг устгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ