Хассан Рухани: Трампын зан авир тун ойлгомжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар хуралд оролцохоор Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани АНУ-ын Нью Йорк хотноо хүрэлцэн иржээ.
Тэрбээр АНУ, Ираны дунд үүсээд буй асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч “АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг баримталж буй шударга бус бодлогоо өөрчилвөл хоёр улсын дунд өрнөөд буй маргаанаа дуусгаж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр тал уулзалт зохион байгуулах төлөвлөөгтэй байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн зан авир ойлгомжгүй учир найдвар тавихгүй байгаа” гэж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Дональд Трамп өнгөрөгч тавдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг орхиж буйгаа илэрхийлэн, Тегераны эсрэг хориг тавьсан юм.
"Уг хэлэлцээрийг орхисон нь ТОМ АЛДАА болсон. Вашингтон бидний эсрэг хориг тавьж, улсын дотоод асуудалд хэтэрхий их хөндлөнгөөс оролцож, шийдвэр гаргач мэт аашилж байна” хэмээн Рухани мэдэгдлээ.
2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх “зууч” зургаа (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад), НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс болон Иран улсын төлөөлөгчид амжилттай байгуулж, Ойрхи Дорнодод цөмийн зэвсэг дэлгэрэхээс сэргийлсэн түүхтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ