Хамгийн залуу сайдынд зочлоорой
Залуу хүн нь зорилгогүй бол эх орон нь ирээдүйгүй гэдэг үг бий. Энэ агуулгаар бид амжилттай яваа залуучуудын төлөөллийн нэг болох хамгийн залуу сайдын гэрээс баасан гараг бүрт уншигдад хүрэх “Гэрт нь авсан гэрэл зураг” булангаа бэлтгэлээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 30 настайдаа ГХ-ны дэд сайдын албан тушаалд очсон Б.Болор сайд манай сурвалжлах хэсгийг гэрт нь очиход, гэр бүлийнхээ хамт найрсагаар хүлээн авсан юм. ГХ-ны дэд сайд хотын төвд тохилог сууцанд гэргий, хоёр хүүхэд, хадам ээжийнхээ хамт амьдардаг ажээ. Эднийх орчин үеийн залуу гэр бүлүүдийн нэгэн адилаар сэлүүхэн атлаа тохилог байлгахаар гэрээ тохижуулжээ. Үүднээс нь эхлэн Б.Болор сайдын гэр бүлийнхэний зураг хана болон тавиурууд дээр үргэлжлэх нь эднийх гэр бүлсэг, зөөлөн дулаан уур амьсгалтай айл болохыг илтгэнэ.
Эдгээр зурагны дунд 18-20 орчим насны туранхай залуугийн зураг олонтоо харагдана. Нүдэнд дулаахан хэрнээ сахилгагүй шинжтэй байрын тэр залууг хэн болохыг асуухад, Б.Болор сайд “Энэ миний залуугийн зураг. Би Дэд сайд болохоосоо өмнө ийм залуу байлаа” гэсэн нь анхаарал татав. Б.Болор сайдыг өвөө, аав нар нь мөн сайдын алба хашиж байсан гэдгийг олон хүн мэднэ. Б.Болор сайдын өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан нэгэн. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Одоо Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Б.Болор сайд бага даа аав, ээжээсээ илүү өвөө, эмээтэйгээ өссөн тул тэдэнтэйгээ амь нэг байсан хэмээн ярьж байлаа. Энэ яриа биднийг гурван үеэрээ сайдын алба хашсан гэх яриа руу хөтлөв.
Гурван үеэрээ төрд зүтгэж явсан Б.Болор сайдыг зарим хүмүүс “Нэртэй айлын зүстэй хүү шүү” гэдэг бол харин нөгөө хэсэг нь ноёны хүү угсаа залгамжилж төр барилцаж байгаатай адилтган хүлээн авдаг гэсэн. Б.Болор сайд энэ талаар “Энэ бол хувь тохиолын асуудал. Дээр үеийнх шиг ноёны хүүхэд ноён болдог зүйл биш. Бид өөр нийгэмд амьдарч байна. Манай аавыг өвөө сайд болгоогүй. Аав намайг сайд болгоогүй. Ёстой зурсан зургаараа явж байгаа байх. Нам, үзэл сурталаа ярьсан ч манай өвөө, аав хоёр улаан хувьсгалт намын хүмүүс шүү дээ” гэсэн тайлбарыг өгч байлаа. Б.Болор сайдыг ийм амжилттай явахад мэдээж, түүний аав, ээж нөлөөлсөн.
Тэрбээр аав, ээжийнхээ талаар “Миний ээжийг Батзаяа гэдэг төгөлдөр хуурч эмэгтэй бий. Хөгжим бүжгийн сургуульд олон жил багшилсан. Уян зөөлөн сэтгэлтэй хүний дээд болсон хүн бий. Би ээжийнхээ тэр зөөлөн занг, гадаад төрхийг нь дуурайсан. Харин аав хатуу дуу хүн байсан учраас миний мэдлэг боловсролд их анхаарал хандуулдаг байсан. Хүн ерөнхий мэдлэг сайтай байх ёстой гэж үздэг хүн л дээ. Тийм болохоор намайг бага байхад ном их уншуулдаг байсан. Одоо манай зооринд маш их ном бий. Намайг долоон настай байхад Жюль Вернийн найман ботийг бүгдийг нь орос хэл дээр уншуулж байлаа. Орос сургуульд сурдаг байсан болохоор ч тэрүү ихэвчлэн номыг орос хэл дээр уншуулдаг байсан. Үүнийгээ орчуулгын номнууд үндсэн санаанаасаа бага зэрэг хазайсан байдаг. Тиймээс орос хэл дээр номнуудыг уншвал зүгээр гэж тайлбарладаг байж билээ. Би том хүүдээ яг ингэж уншуулъя гээд бараагүй.
Аав зарчим ч хүн байсан харин би зөөлөн талдаа болохоор хүүгээ дийлээгүй дээ.Гэхдээ хүүхдийг багаас нь биеийг нь даалгаж сургах нь зүйтэй гэж би үздэг. Аав тэгж шахаж байсны хүчинд би юм юмны захтай болсон байх гэж боддог. Би хүүхэд байхдаа их сурлага сайтай хэрнээ сахилга бат муутай хүүхэд байсан. Жил бүр л онц гардаг хэрнээ сахилга бат муу гэдэг шалтгаанаар сургуулиасаа бэлэг авч чаддаггүй байлаа. Хүүхэд л юм болохоор сургуулиасаа бэлэг авахыг маш их хүсдэг байж билээ. Тавдугаар ангид ордог жилээ хичээж байгаад сахилга бат дээрээ дунд гарч, сургуулиасаа бэлэг аваад аймар баярлаж байснаа би одоо хэр нь мартдаггүй. Тэрнээс хойш дахиж аваагүй. Нэг их зодоон цохион хийгээд байдаггүй ч гэсэн хажуу дахь хүүхдээ зүгээр суулгадаггүй хачин хүүхэд байж билээ. Их спортлог хүүхэд байсан. Ялангуяа хөлбөмбөг их тоглодог байлаа. Сайд болоод л спортоос хөндийрсөн болохоос би чинь хоккей, сагс, хөлбөмбөг гээд л шатараас бусдыг нь л бараг тоглодог байсан. Математикийн хичээлдээ их сайн байсан болохоор шалгалтын ажлаа түрүүлж хийчихээд хажуу дахь хүүхдүүдээ зүгээр суулгахгүй охидуудын үснээс зулгаагаад суудаг байсан болохоор ангийн охидууд маань надад дургүй байдаг байж билээ. Би Архангай аймагт төрсөн ч миний хүүхэд нас Улаанбаатарт, II дөчин мянгатад 23, 24-р дүгээр сургуулийн голд л өнгөрсөн. 15 настайгаасаа АНУ-д ерөнхий боловсрол сургуульд явсан. АНУ явснаасаа хойш би аав, ээжтэйгээ амьдараагүй. Аав, ээжийн өврөөс эрт гарахад эхэндээ гэр бүлийнхэнээ санаад хэцүү ч гэсэн хүүхэд биеэ дагаад хүмүүс харицаад сурчихдаг юм билээ. Яг энэ жишгээр хүүхдүүдээ хүмүүжүүлэх гээд том хүүгээ энэ жил “нүдээ аниад” Белги явуулсан. Миний хүү их хэрсүү хүүхэд болохоор чадна байх. Сурлага сайтай мундаг хүүхэд шүү”.
Биднийг ийн ярилцаж байтал Б.Болор сайдын дунд хүү уйлсаар аавдаа ирлээ. Б.Болор сайд “Энэ миний дунд хүү. Надаас салдаггүй сонин хүүхэд байгаа юм” гэсээр хүүгээ үнсч, “Гараа цохицон уу, аав нь үлээгээд өгье” хэмээн хүүгээ эрхлүүлнэ. Түүний дунд хүү ааваасаа салдаггүй нэгэн гэнэ. Одоо хоёр ой есөн сартай хэдий ч үеийнхнээсээ хамаагүй өсгөлөн том биетэй юм билээ. Жаахан зүйл л болохоор уйлдаг, дураараа зантай энэ нөхөр аавдаа амь юм билээ. Гурван нас хүрэх гэж байгаа энэ агаа дороо дөрвөн сартай охин дүүтэй. Б.Болор сайдын бага охин инээд муутай, байсхийгээд л айлгүйтэж инээх нь энэ гэр бүлийг тэр чигт нь баяр баясгалаар дүүргэдэг ажээ. Харин Б.Болор сайдын гэргий нүдэнд дулаахан, дааруу төлөв байрын эмэгтэй байдаг юм билээ. Нярайлаад удаагүй нялх биетэй байгаа түүнийг бид элдэвээр шалгааж, ядраахыг хүссэнгүй. Гэрийн эзэгтэй биднийг амттат цайгаар дайлахын зэрэгцээ хүүхдүүдээ харж байгаа нь гэрийн эзэгтэй хэчнээр халамжтай нэгэн болохыг илтгэнэ. Биднийг ийн ажиглаж байгааг мэдсэн мэт Б.Болор сайд “Би ханьтайгаа их удаан найзалж байж хамт амьдарсан.
Эмэгтэй хүнтэй нэг их харицаж чаддаггүй байсан болохоор их удсан. Учрах ёстой хүмүүс учирдаг л юм билээ. Хань минь одоо манай гэрийг авч явдаг юм. Миний хань үнэхээр халамжтай, сайхан хүн. Одоо ирэх сард би гадаадад томилолтоор ажиллаад бараг 20 хоног н гэртээ байхгүй. Энэ хойгуур гэр орныг минь эхнэр маань л авч явна. Нөхөр нь гэрийн бараа хардаггүй болохоор хэцүү байдаг байх” гэсэн нь үнэхээр л хамтын амьдрал зохиосон хэрнээ нэг нь ийм ажилтай болохоор гэр бүлээ ганцаараа авч явах хэрэг гардаг байх гэдэг бодол төрж байлаа. Бидний яриа энд хүрээд Б.Болор сайдын оюутан ахуй цаг руу хөтлөгдсөн юм. “АНУ-д ерөнхий боловсролын сургууль төгсөөд дээд сургуульд сурах эрхээ авсан ч сургалтын төлбөрөө хийх боломжгүй байсан болохоор Монголдоо ирж, тэтгэлэг хайсан. Тэр үед улсын томоохон хэдэн үйлдвэр азаар 6-7 хүүхдийн төлбөрийг дааж, гадаадад сургасан юм. Энэ үед би Америкт сургууль төгссөн болохоор англи хэлтэй байсан тул “НИК” ХК-ийн зардлаар Белгид их сургууль төгссөн. Компанийн зардлаар сургуулид сурсан болохоор сурлагын үзүүлэлт сайтай байх хэрэгтэй байдаг байлаа. Энэ ч нөлөөлсөн юм уу дөрвөн жил сурах ёстой сургуулийг би 2.5 жил сураад төгссөн. Зуны амралтгүй тэгж сурсандаа хааяа хармасдаг. Магадгүй бусдын адил сурсан бол миний оюутан нас илүү дурсах зүйлтэй, хөгжилтэй өнгөрөх байсан байх. Ангиараа “Ардины нуруу руу зугаалгаар явахад би ганцаараа хичээлээ хийгээд үлдэж байсан.
Одоо болтол тэнд очиж үзээгүй. Ангийнханы тэнд авахуулсан зургийг харахаар хамт явдаг байж гэж бодогдоод байдаг юм. Оюутан байхдаа нийгмийн нэлээд идэвхтэй байсан. Сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглож, абортын эсрэг клубын идэвхтэй гишүүн байсан. “Абортын эсрэг клуб” үр хөндөлтийн эсрэг янз бүрийн ухуулга сурталчилгааг европын бусад улс руу залуучуудад хандан хийдэг байсан. Надтай хамт компаниудын тэтгэлэгээр явсан хүүхдүүдээс би ганцаараа эх орондоо ирсэн. Тэдгээр хүмүүс Монголдоо ирвэл хөгжлийнхөө торгон зурвас дээр байгаа энэ үед хэрэгтэй байх гэж боддог” гэв. Б.Болор аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Одоо түүний бизнесийг эмэгтэй дүү нь авч явдаг гэнэ. “Бизнесээсээ холдсон болохоор орлого жаахан буурсан гэж байлаа. Сайдын албан тушаалд очсон гэхээр хүмүүс хөрөнгө зоорь ихтэй болсон гэж боддог. Гэвч үнэндээ одоо миний санхүүгийн байдал бизнес эрхэлж байсан үеэсээ эрс муудсан. Тэгсэн хэрнээ ажлын ачаалал үнэхээр нэмэгдсэн. Сайд болохын өмнө буюу одоогоос гурван жилийн өмнө би эмнэлэгт бүрэн шинжилгээ хийлгэсэн. 30 настай байх тэр үед шинжилгээний хариугаар миний өндөр, жин болон бусад зүйлийг харицуулаад намайг 29 настай хүнийх шиг байна гэж байсан. Гэтэл саяхан үзүүлсэн чинь намайг 36 настай хүнийх шиг байна гэсэн. Ингэхээр энэ ажил ямар ачаалалтай вэ гэдгийг харуулж байгаа биз дээ. Хэдхэн жилийн өмнө би дэлдийсэн чихтэй туранхай, цагаан залуу байсан. Суугаа ажилтай байгаа болохоор маш их таргалж байна. Өөртөө цаг гаргаад фитнесстд явах цаг гарахгүй байна. Жаахан цаг гарахаараа гэр рүүгээ яараад хэдэн хүүхдээ эрхэлүүлмээр санагдаад байх юм. Гэхдээ би улс төрөөс гарах бодол одоогоор алга.
Архангайгаас гарсан гишүүдтэйгээ их ойрхон байдаг. Тэднээрээ дамжуулж улс төрд орж ирсэн. Одоогийн парламентад миний бодлоор эдийн засгийн сайн мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй байх. Улс орны маань эдийн засгийн хөгжил эрчимтэй өсч байгаа энэ үед ийм хүмүүс хэрэгтэй гэж боддог. Миний хувьд юуны түрүүнд иргэдийг намын хатуу гишүүнчлэлээс салгах ёстой гэж үздэг. Энэ жишгээр АЗХ-гоо хатуу гишүүнчлэлгүй болгохоор ажиллаж байна. Залуу хүн болохоор бодсон зүйл их бий. Ямар ч байсан УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө дөө” гэв. Энд хүрээд бидний яриа өндөрлөх тийшээ хандаж, ҮБАЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцын талаар асуусан асуултад “Энэ асуудал дээр Б.Хурц өөрөө удахгүй мэдээлэл хийнэ байх. Миний хувьд Б.Хурцыг суллагдсан өдөр түүнийг суллагдлаа гэсэн мэдээллийг авсан. Гэхдээ энэ нь тухайн үедээ нууцад хамаарагдаж байсан болохоор хэвлэлийнхэнд хэлээгүй. Хэвлэлийнхэн тэр өдөр надаас “Б.Хурц Монголд ирсэн юм уу” гэж асуугаад байсан. Тухайн үед Б.Хурц Монголд хараахан ирээгүй байсан болохоор би “Б.Хурц Монголд байхгүй гэдгийг баттай хэлье” гэж хэлсэн. Үүнийг нь зарим нь жаахан гуйвуулаад элдэв мэдээлэл гаргаад байна лээ. Ямар ч байсан энэ ажлын хэсгийг ахлаад хүний эх оронд нь авч ирсэн. Одоо ч гэсэн энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
Би энэ хугацаанд Б.Хурц гэдэг хүнийг их сайн мэддэг боллоо. Энэ хүнтэй өмнө нь нэг ч удаа нүүр тулж уулзаж байгаагүй. Сая ирэхэд нь л анх удаа уулзсан. Өнгөрсөн хугацаанд Б.Хурц гэдэг хүн аргагүй сэтгэлийн тэнхээтэй хүн юм даа л гэж бодогдлоо. Аргагүй гүйцэтгэх ажлын бэлтгэгдсэн хүн болохоороо л энэ бүхнийг давж гарах шиг боллоо. Гадны улсад жил гаран ийм асуудлаар хоригдоно гэдэг тухайн хүний сэтгэл зүйд үнэхээр хүнд тусна. Үүнийг даван туулж байгааг нь хараад сэтгэлийн хаттай хүн юм даа гэж бодогдсон” гэв. Энд хүрээд цаг орой болсон тул бид сурвалжлагаа өндөрлөлөө.
Б.Болор сайдын гэр бүл. Том хүү нь Белги сурч байгаа.
Б.Болор сайдын бага охин аавыгаа дуурайсан юм билээ
Ааваасаа салдаггүй дунд хүү
Б.Болор сайдын хадам ээж, дүү нар
Б.Болор сайдын том хүү, бага охин хоёр
Аавыгаа аргадахгүй л бол уйлахаа болидоггүй жаал
“НИК”-ийн шинэхэн сэхээтэн Б.Болор 10 жилийн өмнө
Б.Болор сайдын ээж
23-р сургуульд “8в” ангийнхан 1985 он
Б.Болор сайдын аав С.Баярбаатар
Б.Болор сайд
Б.Болор сайдын багаасаа цуглуулсан спортын зурагт хуудсууд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ