Шүүх хурлыг хойшлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгодог ШАЛТГААН

img

Өнгөрөгч 2017 онд 25 мянган эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл хэрэг хэрэгсэхгүй болох шалтгаан нь юу вэ?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хамгийн сүүлийн жишээ татъя. Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг гэх газрын орчимд 2016 он.ы наймдугаар сарын 5-ны өдөр "Тоёото приус 20" маркийн автомашин, "Тоёота Ланд крузер" маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас онхолдож, долоон хүний амь нас хохирсон байдаг. Энэ хэргийг хоёр жилийн турш хуулийн байгууллага шалгасан ч Төв аймгийн прокурорын байгууллагаас энэ оны наймдугаар сарын 9-ны өдөр хэргийг хаах шийдвэрийг гаргажээ. Прокурорын байгууллагын эл шийдвэрийг эсэргүүцэж талийгаач нарын ар гэрийнхэн мэдээлэл /2018.08.29/ хийж,  энэ хэрэг прокурорт гурван удаа хаагдаж, шүүхэд шилжихгүй  байсаар эцэстээ хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаагаа хэлж байсан.

 

Автомашинд гурван сартайгаас дөрвөн настай гурван хүүхдийн хамт зорчиж яваад нас барсан бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий “Ослын гол буруутан “Ланд крузер” маркийн автомашины жолооч Цэцэгшагдар гэх хүн осол болсон орой зугтаад олдохгүй байсаар АТГ-т өргөдөл гомдол гаргасны дагуу 2017.09.20-нд түүнийг олсон. Олсон боловч хэргээ хүлээхгүй талийгаач дүү дээр маань эрүү үүсгэн хоёр жил шалгасны эцэст хэргийг хаачихлаа. Талийгаач болсон хүнд бүх хэргийг хүлээлгэж, хариуцах эзэн олдохгүй байгаа тул буруутан нь нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан. Тухайн үед юу болсныг харсан гэрч байгаа. Гэтэл прокуророос гэрчийн яриаг буруутгаж, Цэцэгшагдарын зөв гэж үзээд байдаг. Алимаа, Энхмаа, Эрхэмбаяр гэх гурван прокурорын нүүр үзсэн ч шийдвэр Цэцэгшагдарын талд гарсаар ирсэн. Төв аймгийн прокурорын байгууллага, Алимаа прокурор ажлаа хийж чадахгүй, зориуд хэргийн гол буруутны тал ажиллаж байна” хэмээсэн юм.

 

Тэгвэл Төв аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Алимаа хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээж прокурорт өгсөн ч нотлох баримт хангалтгүй тул буцааж хэргийн газрын үзлэгийг дахин шинжээч томилж хийхийг даалгасан байна. Ингэсээр эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг хуулийн байгуулллага гаргажээ. Үүнд Алимаа прокурорыг ч осолд холбооотой хүмүүс, тэдний ар гэрийнхнийг ч буруутгах гэсэнгүй, зөвхөн жишээ татсан болохыг хэлье.

 

Хэрэг хэрэгсэхгүй болгодог нэг шалтгаан нь нотлох баримт хангалтгүй тул хэргийн газрын үзлэгийг дахин хийх даалгавар аж. Эрүүгийн хэрэг болоод өнгөрсөн процессын араас явдаг учраас биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тулгардаг байна. Хэргийн газрын үзлэгийг дахин хий гэдэг. Гэвч жил сар улиран одож, хэргийн газрын ул мөр хэдий нь арилсан тул тэндээс дахин хэрэгт холбоотой эд зүйл, баримт нотолгоо олоход хүндрэл тулгардаг аж. Монголчууд сүсэг бишрэлтэй ард  түмэн. Тиймээс аллага үйлдэгдсэн, хүн амины хэрэг гарсан гэр, орон сууцаа шатаачихсан тохиолдол ч гардаг байна. Энэ мэт нөхцөл байдлаас шинжээч хэргийн газраас дахин ул мөр, баримт хайсаар эцэстээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэргийг хэрэгсэхгүй болгоно. Нэгэнт хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд хуульч, прокурор хоёр дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эрхгүй, боломжгүй юм байна.

 

Мөн товлогдсон шүүх хурал хойшлох тохиолдол олон бий. “Ноён уул”-тай холбоотой хэрэг нийтдээ 37 удаа талуудын хүслээр хойшилсон байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2017 онд 4000 гаруй хүчингийн хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс олны анхаарлыг татсан хэрэг нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэг юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлосон ч уг шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан.

 

Гэвч УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл дахин хойшилсон юм. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн талаас гаргасан хүсэлтийн дагуу хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан байдаг.

 

Уг нь шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг хийгддэг. Эл хэлэлцүүлгээр өмгөөлөгч, хохирогч, яллагдагч бүгд ямар ч асуудалгүйгээр оролцох боломжтой болохыг нь асууж нягтлан тодруулж, хураллдааны товыг талуудтай тохиролцдог байна. Урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэний дараа гэм буруутайг тогтоох шүүх хурлаас прокурорт буцаах ёсгүй. Зөвхөн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэргийг прокурорт буцааж болдог гэдгийг ШЕЗ-ийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж хэлсэн. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдчихсэн атал ийнхүү олон дахин буцааж буй нь хэргийг удаашруулах зорилготой байж болзошгүй гэж хардаж болохоор байна.

 

Шүүх хурал хойшлуулах гарцыг хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор өмгөөлөгч олдог. Тэд хэргийг зориуд удаашруулах зорилгоор шүүгчийн туслах хэргийн материалтай танилцахыг хүсч, нүдэн дээр нь бариад зогсож байхад албаар уншихгүй шүүх хуралдаанд ордог. Улмаар хэргийн материалтай танилцаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахыг хүсдэг. Мөн хүссэн гэрчийг шүүх хуралд оролцуулахыг шаардах зэргээр хурлыг хойшлуулдаг тохиолдол байдлыг Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа хэлж байсан.

 

Нийслэлийн хэмжээнд 9 шүүхийн байр, 51 шүүх хуралдааны танхим байдаг. Үүний 25 нь дэг сахиулах цагдаагаар хамгаалагдсан. Үлдсэн 26-д нь байдаггүй аж. Цагдан хоригдож байгаа этгээдийг шүүх танхимд авчрахад цагдаагийн байгууллагын хүч, хувь нэмэр дутагдаж улмаар шүүгдэгч буюу хэргийн оролцогчийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагаа шүүх хуралдаан хойшлох нэг шалтгаан болж буй гэнэ. “Тахарын алба” нийт 159 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо цагдаагийн 99 алба хаагч шүүхийн байрыг хамгаалж ажилладаг байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дээд шүүхийн Сонинбаяртангуудаас эхлээд салах хэрэгтэй.
2018-10-01
Зочин:
Монголын гүн хямралт орсон, шудрага ёс, хүнлэг чанар, ёс жудаг алдагдаж байгаа шалтгааны гол учиг нь шүүгчд байгаа юм. Шүүгч нараа цэвэршүүлэе, цэвэрлэе. Үнэн мөнийг жинхэнэ чин үнэнээр нь тогтоодог болоё. Олон салаа утгатай, сунжирсан учирыг нь олоход бэрх урт хууль гаргадагаа болиё. Хуульч нэртэй олгиархуудыг дэмждэг өөрсдөө л болж байвал энэ эх орон ард түмнээ боддоггүй Лундаажанцан, Нямдорж мэтийн хуйвалдааны хулгайч нараас салая
2018-10-01
хөөн хэлэлцэх хугацаа нь тийм хурдан дуусдаг юм уу. Тэгвэл яамар ч хэргээс хүн мултрах боломжтой биш үү.
2018-10-01