
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстаны Алматы хотноо “World Masters” 3 дахь удаагийн шилдгүүдийн өрсөлдөөн болж дүнгээ гаргалаа. Дэлхийн чансаанд жин тус бүрт шилдэг 16-д багтсан жудочдыг урилгаар оролцуулдаг “World masters” тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 4 тамирчид өрсөлдсөн. Ингээд тэмцээний эхний өдөр буюу өнгөрөгч бямба гарагт Монголын тамирчдаас ОУХМ С.Мияарагчаа, МУГТ Х.Цагаанбаатар нар 66 кг-ын жинд аваргын төлөө хоорондоо барилдаж, С.Мияарагчаа Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг цэвэр ялснаар нэр хүндтэй, чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй тэмцээний хошой аварга боллоо. Тэрээр самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, цэргийн арслан Ж.Санжаасүрэнгийн хүү юм. 2010 онд болсон анх удаагийн "Мастерс"-т аваргалж байсан ОУХМ С.Мияарагчаа энэ удаад эхний тойрогт Францын Луи Корвалтай оноолт таарч, цэвэр дийлсэн бол удаахь барилдаандаа ОХУ-ын шилдэг бөх Муса Могушковыг цэвэр ялж дараагийн учраа болох Японы жүдоч Моришита Жунпейг дахин цэвэр ялж, финалдсан. Харин Х.Цагаанбаатарын тухайд эхний тойрогт Азербайжаны Тарлан Каримовтой барилдаж, вазари үнэлгээгээр, дараа нь Армяны бөх Армен Назаряныг вазаригаар ялснаар хүрэл медалийн болзол хангасан. Цаашлаад тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Масаши Эбинумаг юүко үнэлгээгээр ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэгвэл МУГТ Х.Цагаанбаатар 240 оноогоор чансаагаа ахиулж байна. ОУХМ П.Лхамдэгдийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Кайла Харрисонг юүко үнэлгээгээр ялсан ч медалийн төлөөх барилдаанд Словенийн Анамари Веленсект цэвэр дийлдсэнээр шагналт 5-р байрт шалгарснаар тэрээр чансаандаа 80 оноо нэмлээ. Бусад тамирчдын тухайд хэсгийн барилдаанд өрсөлдөгч нартаа ялагдсанаар энэ удаагийн “Мастерс-“ын дэвжээг орхисон юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ