БНХАУ-д 111 монгол иргэн ял эдэлж байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 121 орон гишүүнээр элссэн энэ конвенци одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж. Улс хоорондын, Засгийн газар хоорондын, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондох маргааныг хэлэлцдэг байна. Энэ шүүхэд элсэх саналыг манай тал удаа дараа өгч байсан гэнэ. Байнгын гишүүн болсон тохиолдолд татвараа төлөөд, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ конвенцид нэгдсэнээр сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. Гэхдээ хүчтэй гүрнүүд энэ конвенцийг хүлээн зөвшөөрч, асуудлыг шийдэж байсан үр дүн ямар байдаг бол” гэсэн асуултад “Арбитрийн байнгын шүүх нь Нидерланд улсад байрладаг. Хэлэлцэж байсан маргаануудын дийлэнх нь далайн эрхзүйтэй холбоотой маргаан гарч байсан” гэсэн хариултыг ажлын хэсэг өгөв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Энэ конвенцид ороход оноод байхгүй ч алдаад байх зүйлгүй гэж бодож байна. Энэ бол цэвэр арбитрийн байгууллага. Монгол Улс энэ конвенцид нэгдээд орчиход манай эрх ашгийн хэзээ нэг цагт хамгаалах зэвсэг нэмэгдэх юм гэж байна байна” гэлээ. Ингээд Хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Дараагаар нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улс энэ гэрээг хэд хэдэн удаа байгуулжээ. 2011 онд БНХАУ-тай энэ гэрээг байгуулжээ. Хятад улсын тухайд Хонконг, Макоа гэж хоёр онцгой бүс байдаг байна. Хонконгтэй 2016 онд гэрээ байгуулан мөрдөгдөж байгаа аж. Макаотай энэ гэрээг 2017 оны таван сард үзэглээд 12 сард гарын үсэг зуржээ. 2018 оны найман сарын байдлаар Монгол Улсын 12 иргэн Макоад ялж эдэлж байгаа гэнэ. Шаардлагатай тохиолдолд дээрх хүмүүсийг эх оронд нь авчирч ял эдлүүлэх боломжтой аж.
Гэрээ батлагдсан тохиолдолд ХЗДХЯ, нөгөө талын хүмүүст дамжуулан иргэдийг шилжүүлэх асуудал шийдэгдэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд танилцууллаа.
Гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ гэрээний хүрээнд хичнээн Монгол иргэнээ авчирсан талаар асуулаа. “БНХАУ-тай гэрээ байгуулснаас хойш өнөөдрийн байдлаар 7 монгол иргэнийг энэ гэрээний хүрээнд шилжүүлэн авчирсан байна. Одоогийн байдлаар БНХАУ-д ял эдэлж байгаа 111 монгол иргэн байгаа. Мөн хэрэг нь шийдэгдээгүй, шалгагдаж байгаа 190 монгол иргэн байгаа гэдгийг ажлын хэсэг хариуллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Шүүхийн шийдвэр гараад ялаа эдэлж байвал учиртай. Гэтэл асуудал нь шийдэгддэгүй зүйл байна. Манай нэг сонгогч Хятад улсад хийн буутай явж байгаад саатуулагдсан байна. Гэтэл түүнээс хойш хууль нь өөрчлөгдөөд Хятадад хийн буутай явахыг зөвшөөрдөг болсон. Гэтэл өнөөг хүртэл хэрэг нь шийддэггүй. Тиймээс иргэдийнхээ асуудалд анхаарч өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Ийнхүү асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ