“Ханара март” дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байжээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсан “Ханара март” дэлгүүрийн талаар өнөөдөр /2018.10.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналт болон Сүхбаатар дүүргийн мэргэлжийн хяналтын улсын байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн V хороо, Голомт хотхонд байрлах “Ханара март” дэлгүүрт шалгалт хийжээ. Шалгалтаар хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрснийг, битүүмжилсэн байна. Мөн хаяг шошгийн зөрчилтэй 41 төрлийн 11 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг битүүмжилжээ.
“Ханара март” ХХК нийт БНСУ-аас 4 удаагийн таталт хийсэн байна. Эхний ээлж нь нэгдүгээр сарын 12-ны өдөр 24 нэр төрлийн 20.3 тонн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр татаж оруулж ирсэн. Дөрөвдүгээр сарын 12-нд 27 нэр төрлийн 19.9 тонн, зургадугаар сарын 18-нд 31 нэр төрлийн 21.3 тонн, есдүгээр сарын 7-нд 24 нэр төрлийн 19.7 тонн, нийт 106 нэр төрлийн 81.2 тонн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-аас татан авч гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж оруулж ирсэн байна. Энэхүү оруулж ирсэн бүтээгдэхүүн дунд хаяг шошгийн зөрчилтэй, чанарын шаардлага хангахгүй, хугацаа нь дууссан зүйл илрээгүй байна. Тиймээс энэхүү компани нь зөрчилтэй бүтээгдэхүүнийг хэрхэн оруулж ирснийг тогтоохоор хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар шийдвэрлээд байгаа аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Ханара март” дэлгүүрийн болон Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах агуулахын үйл ажиллагааг түр зогсоожээ. Зөрчлөө арилгасан тохиолдолд дахин үйл ажиллагаагаа эхлэх боломжтой юм байна.
Шалгалт хийгдэхээс өмнө тараагдсан бараа бүтээгдэхүүнийг тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн баримтыг нь авч, “Ханара март” дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж, тухайн бүтээгдэхүүнийг буцаан татах ажлыг хийж байна.
Одоогоор “Ханара март” дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүний улмаас биеийн байдал муудсан мэдээлэл ирээгүй бөгөөд“Ханара март” дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгөхийг сануулав.



Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ