Африкийн хамгийн залуу тэрбумтан ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ болжээ
2018-10-24

Африкийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Девжиг энэ сарын 11-нд Танзани улсын Дар эс Салаам хотноо байхад нь зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан билээ.

 

 

 

Өдгөө 43 настай Девжигийн нийт хөрөнгө 1.5 тэрбум ам.доллар ба тэрбээр Африкийн долоон улсад хөдөө аж ахуй, тээвэр зуучлал, хоол хүнс, үйлчилгээ явуулдаг “MeTL Group" компанийн ерөнхийлөгч юм. 

 

Тэгвэл тэрбумтан эр ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ болсон талаар "www.thetimes.co.uk" сайт мэдээллээ. 

 

Тэрбумтан Девжи "Эсэн мэнд гэртээ ирж, хайртай гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзсандаа маш их баярлаж байна. Аллах миний залбиралыг сонсож, намайг хамгаалсан таньдаа баярлалаа. Танзанийн эрх баригчид болон амь насаа эрсдэлд оруулан байж намайг аварсан цагдаагийн нийт бүрэлдэхүүнд талархаж буйгаа илэрхийлье" гэж жиргэжээ. 

 

Тэрбээр хэзээ суллагдсан, түүнийг барьцаалсан этгээдүүдийн талаарх мэдээллийг албаныхан чандлан нууцалж буй юм. Цагдаагийнхан дээрх хүн барьцаалсан хэрэгтэй холбогдуулан 20 этгээдийг баривчлаад буй билээ.

 

Девжигийн гэр бүлийнхэн өнгөрөгч долоо хоногт ард түмнээсээ туслалцаа хүсч, тэрбумтан эрийг барьцаалсан этгээдүүдийн талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд 440,000 ам.доллар өгч, мэдээллийг нууцалж, аюулгүй байдлыг нь хамгаалахаа амласан юм. 

 

Девжи Танзани улсад төрсөн ба АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургууль болох "Georgetown University" -ийг төгссөн юм. Тэрбээр 2005-2015 оны хооронд парламентын гишүүнээр ажиллаж байв. Гурван хүүхдийн эцэг Девжи  "Форбес" сэтгүүлээс гаргасан Африкийн хамгийн баян 100 эрхмийн 17-т жагсдаг аж. Тэрбумтан эр "нийт хөрөнгийнхөө талаас илүү хувийг буяны үйлсэд хандивлана" хэмээн 2016 онд мэдэгдэж байжээ.  Девжи мөн Америкийн "Форбес" сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Танзани улсын иргэн гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин