С.Баярцогт: Хоёр Засгийн газрын гэрээг гардаж хийсэндээ баяртай байдаг

img

Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа. -Одоогоос 20 жилийн өмнө шинэ Үндсэн хууль батлалцсан хамгийн залуу депатат гэгдэж байсан хүний хувьд тухайн үед үүсэж байсан нөхцөл байдлуудыг хэрхэн дурсах нь сонирхолтой байх болов уу? -Шинэ Үндсэн хуулийг батласнаар Монгол орон бүрэн биеэ даасан, ардчилсан, зах зээлд шилжсэн улс болсон гэдгээ баталгаажуулсан. Энэ хуулийг өмнөх нөхцөл байдалтай уялдуулж харвал, юуны түрүүнд хүний эрх, эрх чөлөөг хамгийн томоор тунхаглаж чадсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хоёрдугаар бүлэг дээр цоо шинээр ийм хэсэг орж ирсэн. Өмнөх Үндсэн хууль дээр ийм зүйл байгаагүй. Өмнө нь бид гадаадад чөлөөтэй зорчиж чаддагүй байсан. Улаанбаатарт байгаа хүн орон нутаг руу явахдаа заавал зөвшөөрлийн бичиг авч зорчдог байлаа. Байнга оршин сууя гэвэл бүр илүү бэрхшээлтэй байсан. Дээрээс нь шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй байлаа. -1990 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж байсан. Энэ өөрчлөлтийг сүүлд оруулсан өөрчлөлтүүдтэй харьцуулбал, та ямар дүгнэлт хэлэх вэ? -Энэ хууль 1992 оны нэгдүгээр сард батлагдсан. Үүний өмнө 1990 оны тавдугаар сард 1960 оны Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Энэ үед орсон хоёр том өөрчлөлтийн нэг нь МАХН удирдан чиглүүлэх үүрэгтэй гэсэн заалт авагдсан асуудал байсан. Мөн МАХН, Үйлдвэрчний эвлэл, Монголын хувьсгалч залуучуудын эвлэл хууль санаачлах эрхтэй байсныг авсан. Түүнчлэн олон намын тогтолцоотойгоор сонгууль явуулах бололцоог бий болгосон. Тухайн үед социалист гэгдэж байсан орнуудаас манайх энэ өөрчлөлтүүдийг түрүүлж хийсэн. Энэ хөдөлгөөн тухайн үеийн ЗХУ-д 1989 оны сүүл хүртэл идэвхтэй явагдсан. 1989 оны зургадугаар сард хагас чөлөөт сонгууль ЗХУ-д явагдсан. Үүний дараагаар тухайн үеийн өөрчлөн байгуулалтыг  социалист улсууд янз бүрээр хүлээн авч байлаа. Тухайлбал, Германд Оросын хэд хэдэн сэтгүүлийг хэвлэхийг хориглож, мэдээнүүдийг маш ихээр хязгаарлаж байсан. Монголчууд социалист системийн улсуудаас хамгийн түрүүнд улс төрийнхөө шинэчлэлтийг хийж, үүнийгээ Үндсэн хуулийн аргаа баталгаажуулсан. Ардчиллыг баталгаажуулсан хэлбэрээрээ манай Үндсэн хууль цоо шинэ хөгжлийн эхийг тавьсан хууль болж чадсан. -Шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хүмүүсийн нэг нь та. Дордуулсан долоон өөрчлөлт гэгддэг энэ заалтуудын хэр оновчтой өөрчлөлт байсан  гэж үздэг вэ? -Энэ өөрчлөлтийг санаачилсан зарим хүмүүс нь хүртэл дордуулсан долоон заалт гэж ярьдаг. 1996-2000 онд Засаг барьж байсан хүмүүсийн хувьд үнэхээр ийм өөрчлөлт хийх шаардлага байсан. Учир нь Ерөнхийлөгчийн институтээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээний асуудалд оролцох эрх мэдэл нь маш их байсан. Энэ эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах шаардлага байсан учраас өөрчлөлт хийгдсэн. -Тухайлбал? -Органик хуулиар зохицуулж болохгүй харилцаанууд бидэнд бий. Тухайлбал, аймаг, сумдыг нэгтгэх асуудлыг одоо хүртэл шийдэж чадахгүй байна. Учир нь үүнийг шийдэхийн тулд аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал  саналаа нэгтгэсэн байх ёстой. Одоо бид аймаг дотор аймаг байдаг үүнийгээ нэгтгэж чаддаггүй. Тухайлбал, Дархан-Уул аймаг Сэлэнгэ аймгийн нутагт байдаг. Орхон аймаг Булган, Говь сүмбэр Дорноговь дотор байгаа. Эдгээрийн хүн амын нягтаршилыг харахад, нэг аймаг 10 мянган хүнтэй байхад нөгөө нь 114 мянган хүн амтай байна. 1993 оноос Үндсэн хуулийг дагаж мөрдөх хуулиудыг бид 1996 он хүртэл хавсралт байдлаар гаргана гэсэн журам гаргасан. Үүний дагуу бид 25 км радиуст байдаг 60 сумыг, бие бие дээрээ байдаг зургаан аймгийг нийлүүлэх асуудлыг тавьсан. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдвэрлэх ёстой. Одоо болтол бид шийдэж чадаагүй л байна. Энэ нь хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа. 330 сумтай, 21 аймагтай ийм өргөн уудам нутагт бүгдэд нь төрийн үйлчилгээг үзүүлнэ гэдэг бэрхшээлтэй. Мөн тухайн үеийн хүмүүсийн мэдлэг, боловсрол, уламжлалыг харгалзан бид төрийн тогтолцоон дээрээ сонгодог тогтолцоог авч чадаагүй. Бид өөрсдийгөө парламентийн бүгд найрамдах гэж ярьдаг хэдий боловч хууль зүйн шинжлэх ухаан, Үндсэн хуулийн онол талаасаа авч үзэж байгаа бүх судлаачид хүчтэй Ерөнхийлөгтэй, парламентийн засаглалтай улс гэж Монголыг тодорхойлодог. Ерөнхийлөгчийн оролцоо хууль тогтоох засаглал, шүүх засаглалд маш өндөр байгаа. Гүйцэтгэх засаглал хүчтэй байдаг тогтолцоон дээр бид хуваагдмал байдал үүсгэж, хариуцлага хүлээх чадваргүй байдал бий болгосон. -Тэгэхээр та Ерөнхийлөгчийн засаглалтай больё гэдэг асуудлыг дэмждэг гэсэн үг үү? -Ерөнхийлөгч эсвэл сонгодог парламентийн засаглалтай больё гэж хоёр хэсэгт хуваагддаг. Өндөр хөгжилтэй улс орны туршлагыг харахад Английн модель дээр явж байгаа улсууд өндөр хөгжилтэй байгаа. Австрали, Сингапур, Канад байна. Бид энэ системээ баталгаажуулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд пропорционалийн элементийг бид 20 жил оруулж чадаагүй. Тиймээс ямар хүмүүсээ намаа төлөөлүүлж сонгох, ямар хүмүүсээс Засгийн газраа бүрдүүлэх вэ гэдэг тодорхой бус байсан. Өөрөөр хэлбэл, бидний зохиосон монгол дугуй эргээд эдийн засгийн хөгжил дээрээ саад болоод байдаг юм. -Энэ долоон өөрчлөлтийн нэг Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч хийдэг асуудал ихээр шүүмжлэгддэг. Та яг одоо хавсарч ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? -Гүйцэтгэх засаглал нь парламентаасаа шууд хамааралтай байна уу эсвэл хамааралгүй байна уу гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Гүйцэтгэх засаглал нь парламентаасаа хамааралтай байхыг парламентийн засаглалтай улс гэж байгаа. Бид нэгэнт парламентийн засаглалтай улс юм бол гүйцэтгэх засаглалын гишүүн парламентийн гишүүн байх ёстой. -Ардын их хурлын гишүүнээр сонгогдож байсан үеэ эргэн санавал? -Би Монголын хувьсгалч залуучуудын эвлэл гэдэг нэг намыг дагасан 240 мянган гишүүнтэй Монголын хамгийн том олон нийтийн байгууллагыг удирдаж байхдаа нэг намыг шүтдэг байдлыг болиулж, олон нийтийн залуучуудын байгууллага байгуулсан. Үүнийг би өөрийнхөө ардчилсан хувьсгалын үйл явцад оруулсан миний хамгийн том хувь нэмэр гэж үздэг. Намууд хэтэрхий улстөржиж өөр өөрсдийгөө яриж байх үед монголын нийт хүн амын ихэнхийг эзэлдэг залуус өөрсдийгөө энэ байдлаас авч гарсан. Мэдээж дараа нь энэ байгууллага 1995 онд Дэлхийн залуучуудын ассамблэйн шилдэг байгууллага болж байсан. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөхөд маш их нөлөө үзүүлсэн гэж боддог. Гэхдээ Үндсэн хууль батлалцсан үйл явцад оролцсон нь миний хамгийн том бахархал. Хувь тохиолоор Үндсэн хууль батлалцсан хүмүүсээс хамгийн залуу нь би байсан. Дөнгөж сургууль төгсөж ирээд найман сар орчим ажиллаад Ардын их хурлын депатат болж байсан. Намайг бага залуу гэж гололгүй маш олон өрсөлдөгчдийн дундаас итгэл хүлээлгэж сонгосонд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэддээ байнга талархаж явдаг. -Дараа нь шууд БОАЖ-ын сайд болсон бил үү? -Тийм. 1996 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газарт БОАЖ-ын сайдаар ажилласан. Тухайн үед газар өмчлөх асуудлыг тавьсан. Улсын бага хурал, Улсын их хурлын үйл явц дунд бид иргэд гадаад дотоодод чөлөөтэй зорчдог болох, мал, орон сууц хувьчлах гээд олон үйл явцад оролцсон. Мөн 2004 оны Ц.Элбэгдоржийн хоёр дахь Засгийн газрын үед хоёр намын хооронд байгуулсан эвсэлийн гэрээг би өөрөө гардаж хийсэн. Дараа нь энэ Хамтарсан Засгийн газрыг байгуулахад хүнд байсан. Үүний гол зохицуулалтыг хийсэн. Тухайн үед олон асуудлыг шийдсэн. Тэдгээрээс Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуайн шарилыг нүүлгэж, Алтан-Өлгийд аваачиж, Чингис хааны хөшөөт цогцолборыг барьсан. Үүнийг тухайн үед монголчууддаа хамгийн их буян хийлээ гэж хүмүүс ярьж байлаа. Одоо талбай дээгүүрээ алхах болгондоо энэ хийсэн ажлаараа бахархдаг. Тухайн үед маш их шүүмжлэл хүлээж, бүх хэвлэлүүдэд Баярцогтын балгас гэж байсан. Өнгөрсөн 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бүх татварыг 10 хувь болгох, татварын өршөөлийн хуулийг батлуулснаа Монголын эдийн засагт оруулсан том хувь нэмэр гэж боддог. 2008-2012 оны хувьд бол Хамтарсан Засгийн газрыг байгуулахад Ардчилсан намаа ахлаж ажилласан. Хоёр засгийн газрын гэрээг гардаж хийсэндээ баяртай байдаг. -Хэр сайн Сангийн сайд байсан бол? -Сангийн сайдаар ажиллаж байсан эхний үе маш хэцүү байсан. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан. Гэхдээ бид хамтарснаараа үүнийг маш богино хугацаанд даван туулж чадсан. Тэр битгий хэл бид ази номхон далайн орнуудын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг анх удаа амжилттай хэрэгжүүлсэн улс болсон. Маш их хууль тогтоомжуудыг өөрчилж, амжилттай ажилласан учир 2010, 2011 он бидний хувьд өндөр өсөлтийн жил болж чадлаа. Үүний ач тусаар гацсан байсан Оюутолгойн гэрээг удирдаж, батлуулж, гэрээг нь хийх үндсэн үүрэг надад оногдсон. Монгол Улсад маш их хэрэгтэй, хөгжлийн ийм гэрээг хийснээрээ их бахархдаг. Энэ гэрээ монголчуудын ирээдүйд их зүйл авч ирнэ. Бидний ирээдүйг тодорхойлох гол зүйл болно. Оюутолгой төслийн шууд болон шууд бус нөлөөг мөнгөөр хэмжих аргагүй. Энэ гэрээний хамгийн давуу тал нь Монголын Засгийн газраас нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэлгүйгээр бүх бүтээн байгуулалт нь явагдаж, 59 хувийн ашгийг болсон. Бид гэрээгээ олон улсын байгууллагуудаар дүгнүүлэхэд энэ гэрээ Засгийн газар талдаа маш ашигтай болсон гэсэн судалгааны дүнгүүд харсан байдаг. Дараа нь төсвийн тогтвортой байдал, төсвийн хуулиудыг хийж Монголын эдийн засгийн төвлөрлийг багасгаж, хөгжлийн боломжийг бий болгосон гэж бодож байна. Би өөрийгөө их хувьтай гэж боддог. Намайг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улс бага орлоготой орноос  дундаж орлоготой улс боллоо. Хөнгөлөлттэй зээл тусламж авдаг улсаас арилжааны зээл авдаг болсон. Азийн хөгжлийн банкин дээрх статус нэмэгдсэн. Манай улсын зэрэглэлүүд дандаа сайжирсан. Засгийн газрын ил тод байдлын үзүүлэлтүүд дэлхийн өндөр зэрэглэлтэй орнуудын хэмжээнд хүрсэн. Ийм амжилттай ажилласан он жилүүдэд хэрэгтэй газар нь байж, улс эх орныхоо хувьд сайн хүү нь байж чадсан гэж боддог. Сая Ардын их хурлын 300 гаруй депататуудтай уулзаж ярилцахад сайхан байлаа. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naraa:
2 zasgiin gazar negdeed yu oorchlogdsiin ulam l ixiig idii biz
2012-03-17