Нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хавтгайрсан

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцов. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээллээ.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ-аас засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа үйлдэл хавтгайрах шинжтэй байгаад анхаарал хандуулж ажиллаж байгаа юм байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 онд нөөц сангийн хөрөнгөөс зөвхөн шагнал урамшуулалд 30.8 сая төгрөгийг зарцуулжээ. Үүнээс гадна уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн арга хэмжэнэд 46.4 сая төгрөгийг зарцуулсан байна.

 

Мөн АТГ-аас ИНЕГ-ын албан хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байна гэж үзэж  анхааруулж, зөвлөмж хүргүүлсэн ч зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдан гарсаар байгаа аж. Тодруулбал 2017 онд ИНЕГ-аас 1.4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулжээ. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш ЗТХЯ-ны албан тушаалтнуудад 10-20 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна. 

 

 

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

 

АТГ-ын 4 ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна.

 

Өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчид 21 аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад олон тооны зөрчил, дутагдал илэрсэн. Зарим зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй байсан тул гүнзгийрүүлэн шалгаж байгаа. Зөрчил, дутагдлуудаа арилгах, засаж залруулах, дахин гаргахгүй байх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах талаар АТГ-аас 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад өмнө нь Зөвлөмж хүргүүлсэн. Энэ Зөвлөмжийн биелэлтийг шалгах нь энэ удаагийн албан томилолтын бас нэгэн зорилго юм.

 

АВЛИГЫН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ДҮН ТААРУУ БАЙНА

 

АТГ энэ 10 дугаар сард 2 төрлийн судалгааны дүнг танилцуулж мэдээлсэн. Нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа. Энэ судалгааг АТГ анх удаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500.000-1.000.000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан гэдэг нь судалгааны дүнд тусгагдсан байгаа. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Тиймээс нарийвчлан судалж, шалгаж байгаа.

 

Нөгөө нь Хүүхдийн шударга байдлын судалгаа. Найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ судалгаагаар Монгол хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх онуудынхаас буурсан үзүүлэлттэй байна. Судалгааны дүнг АТГ-ын цахим хуудсанд дэлгэрэнгүй байршуулсан. Тэндээс шаардлагатай мэдээллийг авч болно. Одоо төрийн байгууллагуудын шударга байдлыг үнэлэх судалгааны ажил хийгдэж байна.

 

ЭНЭ САРД ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 386 ХЭРГИЙГ ШАЛГАСАН

 

Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд  улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

 

“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

 

Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

 

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий УИХ-ын гишүүд зээл авсан гэх асуудал тайлбар өгөхгүй юу?

 

-Сүүлийн үед цахим хэрэгслээр яваад байгаа энэ асуудал шалгалтаар ирээгүй. 

 

-Нүүрсний хулгайтай холбоотой асуудлын талаар?

 

-УИХ-ын Энхболдоос гаргасан өргөдлийн дагуу тодорхой тооны нүүрс дутсан байна гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, албан тушаалтнуудын оролцоо байна уу үгүй юу гэдгийг нарийвчлан шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж тодорхой компаниудаар үнэлгээ гаргуулж, нүүрсний тоо хэмжээг гаргасан. Үүнийг эцсийн байдлаар тодорхойлохоор ажиллаж байгаа. 

 

-60 тэрбумын хэргийн талаар иргэн Г.Доржзодов өчигдөр мэдээлэл хийсэн?

 

-Иргэн Доржзодовын хэвлэлийн бага хурлын үеэр ташаа мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг хаана шалгаж, хэрхэн шийдэх нь прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал. Энэ асуудал дээр прокуророос сэргээж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, АТГ-т ажлын хэсгийг нь ахлуулаад цагдаа тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж энэ хэрэг асуудлыг шалгасан. Прокурор хэрэг бүртгэлийн хэргээ хаасан. Сая сэргээж өмнөх ажлын хэсэгт даалган хэрэг асуудлаа ирүүлсэн. Үүнийг АТГ дураараа энэ хэргийг татаж аваад хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсийг хаацайлсан асуудал байхгүй. Энэ бол прокурорын эрхийн асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ