Гурван жил террористуудад барьцаалагдсан япон сэтгүүлч гэртээ иржээ

Алан хядах "Аль Кайди" бүлэглэлийн холбоотон "Хаяат Тахрит аль-Шам" бүлэглэлийн барьцаанд байсан Японы иргэн, сэтгүүлч Жампей Ясудаг энэ долоо хоногийн эхээр сулласан билээ.
Сэтгүүлч эр өнгөрсөн 2015 оны зургаадугаар сард Турк улсаар дамжин Сирийн иргэний дайныг сурвалжлахаар очих үедээ сураггүй алга болсон юм.
Түүний суусан онгоц өчигдөр 10.00 цагийн орчимд Японы "Нарита" хотноо газардаж, тэрбээр гэр бүл, дотны хүмүүстэйгээ уулзсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.
Жампей Ясуда гэр бүлтэйгээ уулзсаныхаа дараа Мю гэх сэтгүүлчтэй уулзаж, богинохон ярилцлага өгчээ.
Тэрбээр "Миний эхний хүсэл бол халуун усанд орж, хайртай эхнэрээ тэврээд тухтай орон дээр унтахыг хүсч байна. Миний төлөө санаа тавьсан бүх хүнд талархлаа илэрхийлж, санааг нь зовоосондоо уучлалт хүсье. Мөн барьцааны мөнгийг эргүүлэн өгөхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, ирээдүйд илүү сайн ажиллах болно. Би маш хүнд нөхцөлд байсан. Гэхдээ би нэг хором ч бууж өгөөгүй" гэж ярьжээ.
Японы Засгийн газар "барьцаанд байгаа иргэнээ суллахын тулд террористуудад мөнгө төлөөгүй" хэмээн мэдэгдээд буй юм.
Сэтгүүлч эр сонины сурвалжлагч байхдаа 2003 оны долоодугаар сард сар орчим Иракийн босогчдод барьцаалагдаж байжээ.
Эрх чөлөөтэй болсныхоо дараа тэрбээр 2007 онд Иракт буцаж ирж, Иракийн армийн гал тогоонд тогоочоор ажиллаж байв. Тэрбээр 2010 онд армид тогоочоор ажилласан түүх болон Иракийн иргэний дайн, иргэдийнх нь аж амьдралын талаар өгүүлсэн номоо хэвлүүлсэн түүхтэй.
2011 оноос сэтгүүлч эр зөвхөн Ойрхи Дорнодод дэгдэж буй дайн, үймээний талаар мэдээлэл бэлдэж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ