2012 онд хаалгаа барьсан Сирийн түүхийн музей үүдээ нээлээ

Сирийн Үндэсний түүхийн музей зургаан жилийн дараа анх удаагаа хаалгаа нээж, иргэдийг хүлээн авч эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тус улсад 2012 оны дөрөвдүгээр сард иргэний дайн дэгдсэн ба өдгөө 350,000 гаруй хүн амиа алдаж, таван сая хүн эх орноосоо дүрвэжээ. Нийслэл Дамаск хотноо байрлах уг музейг өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард эрх баригчдын заавраар үйл ажиллагааг нь зогсоож, хаасан юм.
Эрх баригчид “1920 онд нээгдсэн уг музейд түүхийн үнэт олдворууд хадгалагдаж буй. Тиймээс эдгээр чухал олдворуудыг гэмтэж, сүйдэхээс урьтаж музейг хаахаар боллоо. Мөн үзмэрүүдийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эрчимжүүлж, хадгалах арга хэмжээ авахаар болсон” гэж тухайн үед мэдэгдэж байв.
Ихэнх үзмэрүүдийг НУУЦ байгууламжуудад өнгөрсөн хугацаанд хадгалж, музейн ажилчид олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө, зааварчилгаа авч байжээ.
Засгийн газар энэ амралтын өдөр хуралдаж, Сирийн түүхийг өгүүлэх Үндэсний музейг нээхээр шийдвэрлэж, Соёлын яаманд уг ажлыг даатгасан байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад гол холбоотон ОХУ-ын тусламжтай Дамаск болон томоохон хотуудыг террористуудаас чөлөөлөөд байна хэмээн энэ оны эхээр мэдэгдэж, эх орноосоо дүрвэсэн ард түмнээ эргэн ирэхийг уриалжээ.
Алан хядах “Исламын улс” бүлэглэл Сири дэх нөлөөгөө алдаад байгаа ч тус улсын зарим бүсэд зөрчилдөөн, үймээн үргэлжилсээр байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ