Вашингтоны ойлгомжгүй байдал Токио, Бээжинг улам ойртууллаа

БНХАУ болон Японы Ерөнхий сайд нар өчигдөр уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг болон “www.foxnews.com” сайт мэдээллээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абе БНХАУ-ын Бээжин хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Уг айлчлал гурван өдөр үргэлжлэх ба Токиогийн Засгийн газрын тэргүүн ийнхүү долоон жилийн дараа Бээжинд айлчилжээ. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзана.
Бээжингийн эрх баригчид газар нутаг, улс төрийн хувьд таагүй харилцаатай байдаг ч уг зөрчилдөөнийг үл тоон Токиогоос ирсэн хүндэт зочноо “найрсагаар” угтан авчээ. Учир нь Бээжин, Вашингтонтой хийж буй худалдааны зөрчилдөөнөөс болж, хүндхэн сорилтуудтай нүүр тулж буй энэ эгзэгтэй цаг үед томоохон худалдан авагчаа Токиогоор орлуулах сайхан боломжийг бий болголоо.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян “Вашигтоны алсын хараагүй шийдвэр Бээжин-Токио дотно болоход тусаллаа” хэмээн Ерөнхий сайд Абетэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Хоёр улс эдийн засгийн харилцаа болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байна. Мэдээж хэрэг хоёр улс олон жилийн турш зөрчилдөж ирсэн. Улс төрийн салбар дахь зөрчилдөөн эдийн засгийн салбарт нөлөөх вий гэхээс эмээж байна. Гэхдээ энэ цаг үед хоёр улс зарим зөрчилдөөнийг хойш тавьж, ашигтай гэрээг байгуулах нь чухал” гэж хэлжээ.
Ерөнхий сайд Абе ч Кэцянтэй ижил байр суурьтай буйгаа илэрхийлсэн ч газар нутгийн маргааны асуудалд нэгдсэн байр сууринд хүрэхийг хүсчээ. Абе “Энэ бол түүхэн айлчлал хэмээн манай тал харж байна. Та бүхэн ч гэсэн бидэнтэй ижил байр суурьтай байгаа байх. Улс орнууд бие биетэйгээ худалдаа, наймаа хийдэг. Гэхдээ улстөрийн хувьд зарим талаараа маш эмзэг байдаг. Жишээ нь Газар нутгийн маргаанаас үүдэж, Япон болон БНХАУ-ын эрх баригчид олон жил улс төрийн салбарт зөрчилдөж ирсэн” гэж хэлжээ.
Дэлхийн II дайны үеэр Японы эзэнт гүрэн Хятадын эх газрын хоёр хэсгийг хүчээр эзлэн түрэмгийлж, ард түмнийг нь хядаж, залуу охид ба бүсгүйчүүдийг хүчирхийлж, хэзээ ч мартаж болохгүй дурсамжийг бий болгосон. Дайны үеийн сэтгэл түгшээсэн асуудалд Бээжин эмзэг хандсаар байгаа.
Хүйтэн дайнаас хойш Токио, Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн “Сенкакү” гэх бүлэг арлуудаас болж, дайнаас хойш анх удаагаа нэг нэгэн рүүгээ буу чиглүүлсэн гэхэд болно. “Сенкакү” гэх арлыг АНУ-ын эрх баригчид 1971 оны зун япончуудад өгчээ.
Бүлэг арлуудын байрлаж буй тэнгист хийн нөөц болон загас агнуурын арвин их нөөц байгаа нь хоёр улсыг зөрчилдөхөд ихээхэн хүргэж байна. 2010 онд арлаас үүдэлтэй зөрчилдөөн эхэлсэн ба 2012 оны наймдугаар сард Японы арван иргэн газар нутгийн маргаантай тэнгист ирцгээж, Японы төрийн далбааг мандуулсан юм. Уг үйл явдалтай зэрэгцэн Бээжин дэх Японы Консулын байрны өмнө олон өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан түүхтэй. Жагсаалын хамгийн идэвхтэй үед жагсагчдын тоо 5000-д хүрсэн аж.
Хоёр улс 40 жилийн өмнө найрамдахаар болж “Япон, Бээжингийн тунхаглал”-ыг амжилттай байгуулсан юм. Уг гэрээг амжилттай үзэглэсэн тэгш ойтой зэрэгцэн Абе айлчлал хийж байгаа нь Бээжингийн талархлыг хүлээж буй юм.
Олон улс уг хүйтэн уур амьсгалыг зөөлрүүлэх, хоёр улсын дунд “зуучлагч”-ийн үүргийг гүйцэтгэж байгаа ч уг зөрчилдөөн улам ч гүнзгийрсээр байна.
Кэцян “Газар нутгийн маргаан хоёр улсын дундах хамгийн эмзэг асуудал. Бид энэ байр суурь дээр хэзээ ч буулт хийхгүй. Гэхдээ хоёр улс төвөгтэй харилцааг хойш тавьж, ойлгомжгүй, эмзэг харилцаа шат шатаар сайжирч эхэллээ. Бид бол мөнхийн хөршүүд. Зарим нэг эмзэг асуудлаас үл шалтгаалан хоёр улс нэг нэгэндээ аюул учруулахгүй өдгөө оршин тогтнож байна” гэсэн бол Абе “Токио газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал үргэлж санаа тавьж, нэг хором ч анхаарлаа сулруулахгүй. Өнгөрсөн үүссэн зөрчилдөөн өнөөдөр илүү тайван шатанд гарлаа. Бид зөрчилдөөнөө хойш тавьж, харилцаагаа эрүүл, тэгш байлгах учиртай” гэж мэдэгджээ.
Абегийн айлчлалын бүрэлдэхүүнд Японы томоохон бизнес эрхлэгчид багтаж буй юм. Тэд Бээжинд хөрөнгө оруулалт хийх туйлын сонирхолтой байна. Мөн Бээжингийн хөрөнгө оруулагчид Вашингтоноос илүүтэй их наран улсыг сонирхож, хамтран ажиллах хүсэлтээ ихээр илэрхийлэх болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойлгомжгүй тарифын нэмэгдэл, гол нийлүүлэгч болон гол худалдан авагчаа шахан гадуурхаж буй энэ үед Токио, Бээжингийн харилцаа улс БАТ БӨХ болж байна. Токио-Бээжин худалдааны салбарт хамтран ажиллахаар тохиролцохоос гадна тэд Пхеньяны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудалд зөрчилдөөнөө хойшлуулж, нэгдсэн байр суурьтай байдаг.
Японы Засгийн газрын санаачилсан “Пхеньяны тунхаглал”-д БНХАУ-ын эрх баригчид нэгдэж, тус улсыг хөгжүүлж, эдийн засагт нь дэмжлэг үзүүлэх замаар цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцжээ. Бээжин, Пхеньяны гол холбоотон улс юм.
Японы Осака хотноо ирэх онд “Их 20” дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтад Бээжинг төлөөлөн Ерөнхийлөгч Си Зиньпин айлчлах юм. 2008 онд БНХАУ-ын экс Ерөнхийлөгч Ху Жин Тоа Токио хотноо айлчилсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ