Г.Тэмүүлэн гишүүний ээж ЖДҮХС-аас зээл авчээ

Баянгол дүүрэгт байрладаг Говь спа цогцолбор хүмүүсийн нэрлэдгээр Говь саун Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээлийг 2017 онд авчээ. Тус цогцолборын эзэн нь Довдонгийн Дэнсмаа. Гол нь энэ зээл мөн л УИХ-ын гишүүнтэй холбогдож буй асуудал. Говь сауны эзэн Д.Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж аж.
Тэгэхээр жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 700 сая төгрөгийн зээл авахад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн үү гэх асуулт урган гаргана. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэгэн адил Г.Тэмүүлэн “нөлөөлөөгүй” хэмээн хариулах биз.
Д.Дэнсмаа 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт 300 сая төгрөгийн хандив өгчээ. Энэ тухай баримт МАН-ын албан ёсны сайтад бий. Тэгвэл нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн. Тэгэхээр Говь сауны эзэн хүү Г.Тэмүүлэндээ 300 сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг. Сонгуулийн хандиваа ээжээрээ босгуулсан хүү нэн хөнгөлөлттэй зээлээр хариу барьсан байхыг үгүйсгэх аргагүй.
Ямартай ч Говь сауны эзэн Д.Дэнсмаа тун ашигтай хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр 2016 оны сонгуулиар 300 сая төгрөгийн хандив өгөөд 2017 онд 700 сая болгон авч. Харин хүүгийн оролцоо ямар байсныг хуулийн байгууллага шалгах ёстой.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бол яаралтай эргүүлж төл, ард түмнээс уучлал гуй гэсэн шаардлагыг МАН-ын дарга У.Хүрэлсүх тавиад буй. Тэгвэл зээлээ төлж, уучлал гуйх гишүүдийн тоонд Г.Тэмүүлэн багтах нь тодорхой боллоо.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ