“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
2018-12-10

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лэ Ючень өчигдөр Канадад баривчлагдаад буй харилцаа холбооны “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал, тус компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоугийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сайд нэн даруй иргэнийг нь суллаж, эрх чөлөөтэй болгохыг АНУ болон Канадын эрх баригчдад хандан илэрхийлээд “Бид хараад сууж тэвчихгүй. АНУ-ын дараагийн нүүдэл ямар байхаас шалтгаалан бид хариуг нь барих болно” гэж анхааруулжээ.

 

Тэрбээр уг хүсэлтээ Бээжинд суух АНУ-ын Элчин сайд Тэрри Брэнстэдэд хүлээлгэн өгч, нэн даруй хариу өгөхийг шаардав. Канадын тал Ванжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж буй учир Бээжин ийнхүү хөдлөхөд хүрчээ.

 

АНУ-ын эрх баригчид Ванжоуг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, “Иран улсад технологийн тоног төхөөрөмж нийлүүлсэн, худалдсан” гэж буруутгажээ. Тэрбээр үнэхээр эдийн засгийн хоригийг зөрчиж, Ирантай хамтран ажилласан нь тогтоогдвол хамгийн багадаа 30 жилийн ял авч магадгүй байгаа гэнэ.

 

Аргентинд зохион байгуулагдсан “Их 20” уулзалтын үеэр ТРАМП-СИ нар уулзаж байхад Ванжоуг Канадын Ванкувор хотоос баривчилсан нь Бээжингийн сэтгэлийг гонсойлгож буй юм. “Дээрх баривчилгаатай Канадын Засгийн газар ямар ч холбоогүй” гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трудо өнгөрөгч долоо хоногт мэдэгджээ.

 

Вашингтон мөн “Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, ухаалаг гар утас болон бусад технологи нь мэдээлэл цуглуулж, тагнуул хийдэг хэмээн буруутгадаг билээ. Америкчуудыг тус компанийн технологийн аюулгүй байдлын үүднээс хэрэглэхгүй байхыг анхааруулдаг.

 

“Huawei” компани “Apple”-тай эн тэнцүү өрсөлдөх болсон нь америкчуудын сэтгэлийг хямраах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин