Д.Лүндээжанцан: Төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд сонгуульд нэр дэвшинэ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр нөхөн болон дахин сонгуульд төрийн албан хаагчийн нэр дэвших эрх зөрчигдсөн асуудлаар ҮХЦ-ийн тогтоолтой холбогдуулан өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Төрийн албан хаагч сонгуульд өргөдлөө гаргахгүйгээр нэр дэвшиж болох уу. Өргөдлөө гаргаагүй хүнийг нэр дэвшиж байна гээд ажлаас нь чөлөөлчих үү. Энэ бүхэн хоорондын уялдаа холбоо муутай байна. Ээлжит бус сонгууль болон нөхөн болон дахин сонгууль зарласнаас хойш гэж тодорхой оруулж өгөх хэрэгтэй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:
-СЕХ-той хэлэлцсэн. Сонгуулийн хорооныхон ямар ч саад тотгор болохгүй гэж тэд хэлсэн. Гэхдээ сарын өмнө хэлээд явсан нь СЕХ-д хамаарахгүй. Бид өнөөдөр Сонгуулийн хууль ярьж байна. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд тухайн байгууллагадаа өргөдлөө гаргаж, ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэж тодруулан зааж өгч байгаа юм. Өргөдлөө гаргаагүй нь ажлаас чөлөөлөхөд саад болохгүй гэдэг нь тухайн хүнийг нэр дэвшихэд хэрэгтэй гэж тайлбарлах байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Энэ бол их ярвигтай асуудал. Нөхөн болон дахин сонгуулийг 6 эсвэл 10 сар гээд заачихсан. Тэр болтол бүтэн хагас жил иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ хугацааг болих хэрэгтэй. Нөхөн болон дахин сонгууль явуулах эрхийг тухайн шатны байгууллагын шийдвэрээр гаргах зохицуулалт хиймээр байна. Сүүлийн үед Монголын төрд болж байгаа зүйл олон улсын жишгийг өөрсдөдөө авчирч шинээр туршаад байна. Энэ гажгийг засах бүрэн боломж байгаа.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Үүнд ҮХЦ-ийн их суудлын шийдвэр гарсан. УИХ гарсан шийдвэртэй уялдуулж өөрчлөлт хийх хугацаатай асуудал. Тийм учраас бид гишүүдийн гаргасан саналын дагуу ажлын хэсэг байгуулж, хугацааг нь хойшлуулж яваад байх нь зохимжгүй. Тиймээс бид хурлаа үдээс хойш дахин хуралдаж яаравчилвал ямар вэ? гэсэн санал хэллээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан " Энэ хуулийн хугацаатай асуудал. Ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл бидэнд хугацаа байгаа. Тиймээс та бүхэн ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл саналын томъёоллоо бэлэн болгоод оруулж ирж болно. Тэр хүртэл хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулъя" гэлээ.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцүүлгийг хойшлуулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ