Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоотод оршин суух 5 настай Э гэгч охин /2018.08.19/ гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон. Охиныг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс П.Батсуурь гэгч эмэгтэйтэй хамт явж байхад нь цагдаагийн алба хаагч нар олж илрүүлсэн билээ.
2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд түүнд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Нийслэлийн прокурорын газраас П.Батсуурьт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Монгол овогт Пушкины Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Г.Сүрэн