Нуранги дор 12 цаг байсан бяцхан хүүг эсэн мэнд аварчээ

Индонезийн Суматра, Жава арлыг зааглах "Анак Кракатоа" галт уул дэлбэрч, цунами дэгдээд буй билээ.
Тэгвэл уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 222 хүн амиа алдаж, 843 хүн бэртсэн талаар тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний төвөөс уламжлав. Тэгвэл гамшгийн бүсэд ажиллаж буй аврагчдад нэгэн гайхамшиг тохиосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Үхэлтэй тэмцэн 12 цагийн турш нуранги дор байсан тавхан настай хүүг аврагчид амжилттай аварчээ.
Цунамигийн үеэр Али хүү машин дотор байсан гэнэ. Түүний сууж явсан машин дээр мод болон ойролцоох барилга нурж, тэрбээр гарч чадалгүй олон цагийг ганцаараа машинд өнгөрүүлжээ.
"Хүү ямар нэгэн хүнд бэртэл аваагүй ба бага зэргийн шоконд орсон байсан" гэж аврах албанаас уламжлав.
Хүүгийн гэр бүлтэй холбоо тогтоохоор албаныхан ажиллаж байна. Цагдаагийнхан хүүгийн гэрэл зургийг инстаграм хуудастаа байршуулжээ.
Цунамгийн үеэр 500 байшин, есөн зочид буудал, 60 хоолны газар, 350 усан онгоц нурж, эвдэрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ