Хуульчид ЖДҮ-ийн зээлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ

ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар хуульчид мэдээлэл хийлээ. Тэд Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус ханджээ.
Энэ талаар өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар “ХХААХҮ-ийн сайд гурван тушаал гаргаж өнөөдрийн өрнөж байгаа ЖДҮ-тэй холбоотой асуудал үүссэн. Сайдын тушаал нь захиргааны хэргийн акт. Захиргааны хэргийн актыг Захиргааны хэргийн шүүхэд нийтийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан асуудлаар төрийн бус байгууллагууд шүүхэд хандах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд анхан шатны шүүхэд хандсан.
ЖДҮХС нь төсөл сонгон шалгаруулах журмыг баталж, төслөө сонгон шалгаруулдаг. Энэхүү журамнд хоёр өөрчлөлт оруулснаар өмнө нь төсөл нь тэнцсэн боловч хөрөнгийн эх үүсвэр нь хүлээгдэж байсан аж ахуй нэгжүүдийг ЖДҮХС-аас санхүүжилт авах эрхийг нь хааж шинээр төсөл авах буюу маргаан дагуулаад буй 124 нэр бүхий аж ахуй нэгжид зээл олгох тушаал гарсан байгаа. Тэгэхээр энэхүү захиргааны актыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгсөн байгаа” гэв.
Нийтийн өмчийн хохирол гэдэг нь нийтийн зорилтот өмч хууль бусаар захиран зарцуулагдаж, зориулалт бүхий этгээдэд очоогүй хууль зөрчсөн үйлдэл юм. ХХААХҮ-ийн сайдын 2018 онд баталсан А/88 тушаал нь нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн тул хуульчид Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ