Гитлерийн зурсан гэх хуурамч уран зургуудыг өндөр үнээр заржээ

Германы цагдаагийнхан Адольф Гитлерийн зурсан гэх гурван зургийг хураан авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Байгалийн гоо үзэмжийг усан будгаар зурсан эдгээр зургийг Берлин хотноо зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар зарсан байна.
Шалгалтаар уг зургууд ХУУРАМЧ болохыг тогтоож, иргэдийг залилсан этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлжээ. Берлиний цагдаагийн газар твиттер хуудастаа “Залилан мэхлэх, баримт бичгийг хуурамчаар үйлдэх ялтай” гэж жиргэлээ.
Дуудлага худалдаагаар нэг зураг 4000 еврогоор зарагдсан гэнэ. Гэмт этгээдүүд хуурамч зургаа жинхэнэ мэт харагдуулахын тулд зургуудын баруун буланд А.Гитлерийн гарын үсгийг дуурайлган зурсан байжээ.
Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Патриси Бререр “ВВС” агентлагт “Зургуудыг хуурамч гэдгийг шалтгалтаар тогтоосон. Гэмт этгээдүүдийг эрэн хайсаар байгаа. Хэвлэлээр цацагдсан шиг хэрэгтнүүдийг баривчлаагүй” гэв.
Гитлер уран сайхны өндөр мэдрэмжтэй байсан ба уран зураг, баримал ихээхэн сонирхон цуглуулж, зураг зурдаг байсан юм. Түүний зарим зургууд Германы түүхийн музейд бий.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ