Чөлөөлөгдөх М.Энхболд буюу гадна удирдлагатай парламент

Өнөөдөр УИХ чуулган хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг тушаалаас нь чөлөөлнө.
УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөх шаардлагыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас тавьж, чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй гацааж, бойкотолсон билээ. “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардсан гишүүдэд “Би хууль зөрчөөгүй. Би энэ албан тушаалтай зууралдаад байгаа юм биш. Парламентат засаглалтай орны тухайд хуулийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөнө” гэдгээ тайлбарлаж, гишүүдийн хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж, хуралдаандаа суух шаардлагыг тавьж байлаа.
Хуулиараа УИХ-ын дарга “нас барсан, өөр ажилд томилогдсон, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан, ажлаа хийх боломжгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн тогтоол гарсан” гэх таван үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгддөг заалттай. УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах гишүүдийн шаардлага дээрх үндэслэлүүдэд нийцэхгүй, хуулийн гадуурх асуудал байсныг Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлтдээ дурдаж, хэлэлцэх боломжгүй гэж буцаасан байдаг.
Байнгын үйл ажиллагаатай парламентыг гацааж, хуулийн гадуурх шаардлага тавин, жагсаал цуглаан зохион байгуулж, төрийн бус байгууллагуудтай хамтарч Сүхбаатарын талбайд суулт зарлах хүртэл үргэлжилсэн гишүүдийн авир, үйлдэл Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар албан тушаалаас нь чөлөөлөх” хууль батлаад ч номхорсонгүй. Тэд УИХ-ын даргыг огцруулахгүй бол өнөөдрөөс өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдээд байна.
Харин “УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболд өөрөө дэмжин баталсан. Энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн уг хууль УИХ-ын дархлааг сулрууллаа гэх шүүмжлэл дагуулсан хэдий ч парламентын 100 хувийн саналыг авч батлагдсан Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл гэдгээрээ онцлогтой.
Нэг талаас М.Энхболд даргыг огцруулахаар санаалчилсан энэ хуулийн төсөл УИХ-ын дараа дараагийн дарга нарын суудлыг ч ганхуулж, парламентын дархлааг сулруулах нь тодорхой. Байнгын үйл ажиллагаатай парламентын гацааж, төрийг хямрааж, УИХ-ын дархлааг сулруулсан түүхийн бараан хуудас М.Энхболдод бус энэ УИХ-д, тэр дундаа эрх баригч хүчин МАН-д хаялагдана.
Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн биш парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай ч эрх баригч хүчний удирдагч. Уг нь улс төрийн ууган хүчний удирдагчийн хувьд парламент дахь бүлэгтэйгээ эв эеийг эрхэмлэж, гүйцэтгэх засаглалын тэргүүн, МАН-ын даргын хувьд нийгэмд намын нэр хүндээ өсгөдөггүй юм гэхэд унагахгүй байх хосолмол тактикийг барих байлаа, уг нь. Гэвч, өнөөдөр нийгэмд МАН-ын удирдагч хэн бэ гэсэн таамаглал, эргэлзээ, зарим нь бүр “чин итгэл”-тэй болчихоод байгаа нь нууц биш. Учир нь өнөөдөр Ерөнхийлөгчийн санаалчилсан хуулийг парламент 100 хувь дэмжиж, 2016 оны УИХ-ын сонгуулийг удирдан, намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн экс дарга М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх гэж байна.
МАН-ын экс дарга М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас чөлөөлснөөр төр, түвшин түмэн олон амгалан болно гэсэн үг биш. Харин ч эвлэрэхээсээ өнгөрсөн МАН-ын хагарал улам хурцдаж, “60 тэрбум”, “ЖДҮ”-чдийн бүлэглэл, фракц хэд ч бутарч магадгүйг ажиглагчид хэлж байгаа.
Эрх баригч хүчин маргаашнаас дараагийн УИХ-ын даргаа сонгоно. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дараагийн УИХ-ын даргын асуудал огт яригдаагүй” гэсэн жижүүрийн үг дайж байгаа ч дараагийн УИХ-ын даргын төлөөх тэмцэл эрх баригч хүчинд өрнөөд эхэлсэн. Тэр дундаа МАН дотор олонхидоо эрдээд байгаа “ЖДҮ”-чдийн талаас сонгогдох магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ