Орос тэрбумтны тэргүүлдэг компаниуд "ХАР ЖАГСААЛТ"-аас гарлаа

АНУ-ын Сангийн яам хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Rusal” компанид тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж буйгаа зарласан талаар "www.independent.co.uk" сайт мэдээллээ.
Мөн тус компаниас гадна хөнгөн цагааны “En+” болон эрчим хүчний “Euro Sib Energo” компанийн хоригийг цуцалжээ.
"Уг хоригийг цуцалснаар хөнгөн цагааны зах зээлд үүсээд буй хямралыг эерэгээр шийдвэрлэх боломжтой" гэж Вашингтон үзэв.
АНУ-ын Засаг захиргаа 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд ОХУ-ын долоон бизнес эрхлэгч, нөлөө бүхий 17 албан тушаалтан болон 12 компанид хориг тавьсан юм. Эдгээр компанийн гурав нь Олег Дерипаскагийнх билээ.
Энэ хугацаанд 9.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан “Rusal” компанийн үнэлгээ 50 хувиар буурч, үлэмж хэмжээний хохирол амсчээ. Тэрбумтан эрийг мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ойрын холбоотой гэдэг.
АНУ-ын тал ОХУ-ын гурван компанийн хоригийг цуцалсан ч Олег Дерипаскагийн хоригийг хэвээр үлдээж, АНУ дахь дансуудыг нь царцаасан хэвээр байна.
Компанийн удирдлагууд тохиролцооны дагуу амлалтуудаа биелүүлэхээс гадна аудитын шалгалт хийлгэхийг зөвшөөрснөөр АНУ-ын "ХАР ЖАГСААЛТ"-аас гарчээ. Эдгээр компаниудыг АНУ онилох болсон нь өнгөрсөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн тэрбумтан Дональд Трампын кампанит ажилд дэмжлэг, үзүүлсэн гэж зарим гишүүд үздэгтэй холбоотой юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ