Тамирчнаа хүчирхийлж, дарамталсан дасгалжуулагч ЯЛ авлаа

Өмнөд Солонгосын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч Чой Жэ Бумыг тамирчнаа хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн, бие болон сэтгэл санааны хохирол учруулсан гэж буруутгаж, ялласан талаар "www.yna.co.kr" сайт мэдээллээ.
Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Сувон хотын шүүх дасгалжуулагчийг буруутай хэмээн үзэж, 18 сарын ял оноосон байна.
Дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан шорт-трекийн нэрт тамирчин Шим Сук Хи өнгөрөгч онд шүүхэд гомдол гаргасан юм. Тухайн үед шүүхээс дасгалжуулагчийг буруутай хэмээн үзэж, 10 сарын ял оноосон аж.
Удалгүй шүүх дээрх ялаа хүчингүй болгосон нь тамирчин бүсгүйн дургүйцлийг хүргэж, дахин зарга үүсгэхэд хүргэжээ.
2014, 2018 оны өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн шорт-трек төрөлд алтан медаль хүртсэн 21 настай тамирчин бүсгүй "Чой Жэ Бум дасгалжуулагчийн удирдлага дор байхдаа үргэлж зодуулж, хэл амаар доромжлуулдаг байсан. Тэр бүхнийг тэвчих амаргүй байсан. Мөн дасгалжуулагч минийн биед зөвшөөрөлгүй хүрэхээс гадна бэлгийн дарамт үзүүлсэн" гэж ярьсан байна.
"Пёнчан"-ы өвлийн олимпийн өмнөх нь дасгалжуулагч, тамирчны толгой руу хурц үзүүртэй зүйлээр чанга цохисон гэнэ.
Хохирогчийн өмгөөлөгч "Үнэхээр итгэхийн аргагүй юм. Дасгалжуулагч, хохирогчийг 17 настай байхаас нь бэлгийн дарамт үзүүлж, сэтгэл санааны хохирол учруулж байсан. Тэр мөн биед нь хүнд гэмтэл учруулж, эмэгтэй хүнийг хэл амаар байнга доромжилж байсан. Гэтэл шүүхээс түүнд ийм хөнгөн ял оноолоо гэж үү. Шүүхийн шийдвэрт үнэхээр урам хугарлаа" гэж мэдэгджээ.
Өнгөрөгч онд тамирчнаа хүчирхийлсэн дасгалжуулагчид 10 сарын ял оноосон явдалд иргэд дургүйцлээ илэрхийлсэн ба сарын хугацаанд 246 мянган хүн цахим өргөдөлд гарын үсгээ зурсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ