Дуулиант баривчилгааны ӨРНӨЛ

img

Парламентын гишүүнийг чуулганы танхимаас нь баривчилжээ. Энэ талаар “TASS” болон “www.rferl.org” сайт мэдээллээ.

 

 

ОХУ-ын хууль сахиулагчид өчигдөр парламентын ордонд шууд баривчилгаа явуулж, олныг гайхшруулжээ.

 

Тэд зүгээр ч нэг иргэнийг баривчилсангүй, харин парламентын дээд танхимын гишүүнийг чуулганы танхимаас баривчилсан юм. Тус парламентын хамгийн отгон гишүүн, 32 настай  Рауф Арашуковыг аллагын захиалагч, авлига өгсөн, сүрдүүлгийн хэд хэрэгт буруутгаж баривчилсан гэдгээ Ерөнхий Прокурорын газраас мэдээлжээ.

 

Гишүүний “халдашгүй эрх”-ийг цуцалж, хуулийнхан баривчилсан байна.

 

Чуулганы хуралдаан өндөрлөж, гишүүд танхимаас гарч амжаагүй байхад хуулийнхан орж иржээ. Хуулийнхан Хойд Кавказаас сонгогдож, парламентын гишүүн болсон Рауф Арашуковыг дөхөн очих үед тэрбээр гэнэт суудлаасаа босоод зугтахыг санаархсан аж.

 

Энэ үеэр спикер “Гишүүн Рауф Арашуков суудалдаа суу” гэж анхааруулснаар тэрбээр суудалдаа суужээ. “Спикерийн ачаар элдэв шуугиан болоогүй” гэж зарим гишүүн ярьсан аж.

 

Гав зүүсэн Рауф Арашуков хажуугаар зөрсөн хүмүүст хандан “Би буруугүй ээ” хэмээн зөөлхөн шивнэж, инээмсэглэл тодруулан танхимаас гарч явжээ. Оросын түүхэнд анх удаагаа парламентын ордонд шууд баривчилгаа болж буй учир ажилчид болон зочид төлөөлөгчид ихэд цочирдсон болохыг спикер онцлон тэмдэглээд “Хэрвээ буруутан энэ дотор нуугдаж буй бол хууль бүгдэд эрх тэгш үйлчлэх ёстой” гэж мэдэгдлээ.

 

 

Гишүүнийг чуулганы танхимаас баривчилсан явдал шинэ, содон үйл явдал байсан учир хэвлэлийнхэн болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн хамгийн ТРЕНД материал болов.

 

Мөн дээрх баривчилгаанаас урьтаж, хуулийнхан гишүүний эцэг “Газпром”-ын охин компанийн зөвлөх Раул Арашуковыг 450 сая ам.долларын байгалийн хий хулгайлсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэн Санкт Петрбург хотоос баривчилжээ.

 

Эцэг, хүүгээс мэдүүлэг авч эхэлсэн ба Москва хотын шүүх тэднийг “ирэх гуравдугаар сарын 30 хүртэл хорих шийдвэр”-ийг гаргасан байна.

 

2010 оны тавдугаар сард Карачай-Черкесст нөлөө бүхий хоёр эрхэм бусдын гарт амиа алдсан аж.

 

Эдгээр аллагын захиалагчийг Арашуков хэмээн сэжиглэж буйгаа прокурорууд мэдэгдэв. Учир нь цагдаагийнхан 2018 оны наймдугаар сард дээрх аллагыг үйлдсэн алуурчдын нэгийг баривчилсан юм.

 

Алуурчин  мэдүүлгийнхээ үеэр “Би Рауф Арашуковын захиалгаар уг хэргийг үйлдсэн” гэж ярьжээ. Уг мэдүүлэгт үндэслэн хуулийнхан хавтаст хэрэг нээж, залуу гишүүнийг шалгаж эхэлсэн гэнэ.

 

Захиалгат аллагын хохирогчид бол Карачай-Черкесс хотын Захирагчийн зөвлөх Фрал Шебзухов, Залуусын байгууллагын дэд тэргүүн Аслан Жуков нар юм. Тэднийг гэрийнх нь ойролцоо олон удаа буудаж, хөнөөхөөс гадна үхсэн хойно нь бэйсболын цохиураар зодсон болохыг шүүх шинжилгээгээр тогтоожээ.

 

Залуу гишүүн энэхүү аймшигт хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэх гэнэ. Харин түүний эцэг хийсэн хэргийнхээ төлөө 25-35 жилийн ял сонсох магадлалтай аж.

 

Арашуков аллагын захиалагчаас гадна нөлөө бүхий эрхмүүдийг бойкотлож, дарамталдаг байжээ. Хохирогчид эхнээсээ мэдүүлэг өгч эхэлсэн гэх албан бус эх сурвалж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочйн:
Шеф
2019-02-18
зочин:
Хууль дээдлэх зарчим гэж энэ л дээ.Манайхан болохоор хэдэн зуун теребумыг авчихаад гишүүний бүрэн эрх гээд л даналзаад байдаг.Энэ чинь ариун явдал уу
2019-02-01
ямар парламент гэдгийг нь тодорхой бич хүмүүс оросын төрийн думиин гишүүнийг баривчиллаа гэж ойлгоно шүү бас карачаево черкессия гэж хот биш шүү
2019-02-01