60 жилийн тэртээ осолдсон уулчдын хэргийг дахин мөрдөнө

Одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд ОХУ-ын Умард Уралын нуруунд есөн уулчин учир битүүлэг байдлаар амиа алдсан юм.
Тэгвэл уг хэргийг Прокурорын Ерөнхий газар дахин шалгахаар болж, тусгай ажлын комисс гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.
Тусгай багийн төлөөлөгч Александр Куренной "Түүхэнд уг ослыг "Дятловын даваа"-ны осол хэмээн нэрийддэг. Тун удахгүй ослын нарийн учир тодорхой болно гэж найдаж байна. Мэдээж хэрэг энэ бүхнийг тодруулахад хугацаа хэрэгтэй" гэж хэлжээ.
Мэргэжилтнүүд ирэх гуравдугаар сарын 20-ноос 30-ны хооронд хэрэг болсон газарт хүрч, хэргийг дахин шалгах гэнэ.
Уулчин Игорь Дятловоор ахлуулсан багийнхан 1959 оны хоёрдугаар сарын 1-2 шилжих шөнө Дятловын даваанд амиа алдацгаажээ.
Есөн уулчны хоёр нь эмэгтэй байсан ба нэгийнх нь нүд, хэл байхгүй болсон байв. Зургаан уулчин осгож амиа алдсан бол үлдсэн уулчдынх нь тархи, хавирга хугарсан байжээ.
Уулчид анх 10 гишүүний хамтаар ууланд гарахаар төлөвлөж байсан ч 10 дахь гишүүний Юрий Юдин гэнэт өвдөж, нэгдүгээр сарын 28-нд замаасаа буцсан юм. Тэрээр 2017 оны долоодугаар сард 75 насандаа таалал төгссөн ба хэргийн нарийн учрыг тодруулахаар 2016 онд "Зөн билгийн тулаан" шоу нэвтрүүлэгт оролцож байсан түүхтэй.
Уулчдын нууцлаг үхлийн талаарх бодит үнэнийг ЗХУ-ын удирдагчид 1970 оныг хүртэл чандлан нууцалж байжээ.
Уг хэрэгтэй холбогдуулан олон таамаг байдаг юм. Тэднийг цасны нуранги, уулын хүн буюу алмас дайрсан, хэт дуу авианы довтолгоо, зэвсгийн туршилтаас болж амиа алдсан гэгддэг. Гэхдээ эдгээрээс алийг ч нотолж чадалгүй өнөөдрийг хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ