АНУ-ын Агаарын цэргийн хүчний экс ажилтан Ираны талд УРВАЖЭЭ

АНУ-ын Агаарын цэргийн хүчинд 1997-2008 оны хооронд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Моника Виттийг Иран улсын талд урваж, тагнуул хийсэн хэрэгт буруутгасан талаар "www.washingtonpost.com" сайт мэдээллээ.
Энэ талаар Холбооны мөрдөх товчооноос өчигдөр албан ёсоор мэдээлсэн байна.
Моника Виттийг 2013 онд Ираны талтай хамтран ажиллах болсон гэнэ. Тэрбээр өмнө нь АНУ-ын сөрөг тагнуулаар ажиллаж байжээ.
Түүнээс гадна Ираны дөрвөн иргэнийг Виттийн хамтрагчдын компьютерт тагнуулын програм хангамж суулгахыг оролдсон хэрэгт буруутгасан аж.
Виттийг сүүлд 2013 оны долдугаар сард Зүүн Өмнөд Азид байсныг тогтоосон ба сүүлийн үеийн гэрэл зургийг нь хэвлэлээр цацаж, мэдээлэл цуглуулж эхэлжээ.
Виттийг албаа хашиж байхад нь төрийн нууц мэдээлэлд нэвтрэх өндөр түвшний зөвшөөрлийг олгож байсан нь эрх баригчдыг түгшээж буй гэнэ.
Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газрын Ерөнхий прокурорын туслах Жон Демерс "Ройтерс" агентлагт "Нууц ажилтан улсаасаа урвасан гунигт өдөр тохиож байна" гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ