NHK, BBC зэрэг дэлхий даяар мэдээ мэдээлэл, баримтат кино, нэвтрүүлгүүдээ цацаж байдаг том телевизүүдийн дуран хараанд манай улс хүн төрөлхтөний нэгэн салшгүй хэсэг болохынхоо хувиар байнгын гэж хэлж болохоор сонирхлыг нь татан ямар нэгэн байдлаар өртдөг болжээ.
Тэд ихэнхдээ ядуу гэр бүл, малчин айл, нинжа, хүүхэд гэх мэтээр нийгмийн хүнд сэдвүүдийг хөндөх дуртай байдаг. Харин энэ удаа NHK телевиз малчин айл, гудамжны хүүхэд гэж хайсангүй. Тэд манай үндэсний соёл урлагийн бахархал болсон уртын дуу, хөөмэйг онцолжээ.
Уртын дуу гэхээр манай алдарт уртын дууч, Н.Норовбанзад (тэрбээр байж болох бүхий л шагналыг авсан юм) гуайгаар гадныхан Монгол орныг төсөөлдөг. NHK телевизийнхэн монголд уртын дуучдын өлгий нутгийг зорин ирсэн учраа уртын дуу, хөөмий, Н.Норовбанзад агсныг ярьж тайлбарлажээ.
Н.Норовбанзад гуайтай ойр дотно ажиллаж амьдарч байсан хүмүүсийн дурсамж яриаг оруулж, мөн Н.Норовбанзад гуайн шавь нараас нь дуулуулж зураг авалтаа хийсэн гэнэ. Норовбанзад техник гэж юуг хэлэх вэ гээд л уртын дуу дуулах нууцыг шалгааж байсан.

Харин манай дуучид дуулаад үзүүлье, та бүхэн өөрсдөө ажиглаж мэдрээрэй гээд түүний энтэй биш юмаа гэхэд түүнд хүрэхийг эрмэлзэх мэт дуулж өгч байсанд японы телевизийн залуухан найруулагч бүсгүй үнэхээр гайхах, бишрэх хүндлэх давхцан, баримтат кино маань өнөөг хүртэл NHK телевизэд хийгдсэн дуу хуурын нэвтрүүлгүүдээс хамгийн шилдэг нь болох нь эргэлзээгүй хэмээсээр бүх уран бүтээлчдэд талархал илэрхийлэн нутгаа зорин оджээ.
Үнэхээр ч нэвтрүүлэг гарч эхэлсэн даруйдаа японы ард түмний таашаалд нийцэж, NHK-гийн редакц руу олон зуун хүн утас цохисон хэмээн манай талаас уг зураг авалтыг зохион байгуулсан багийнханд уламжилсан байна. Хамгийн сүүлд энэ сарын 11-ний орой буюу хэдхэн өдрийн өмнө NHK-World сувгаар давталт нь гарсан бөгөөд, уг суваг нь дэлхий даяар цацагддаг суваг билээ. Манай сайхан орон, дуу хуурын шавхагдашгүй баялаг өвтэй гэдгийг ийнхүү гадны телевиз бүхэл бүтэн нэг цагийн турш сэтгэл харамгүй сурталчлаад өглөө.
Амазин Войс буюу “Гайхамшигт дуу хоолой” хэмээх энэхүү нэвтрүүлгийн зураг авалтад манайхаас Ардын жүжигчин Ш. Чимидцэеэ, МУГЖ Дүнжмаа уртын дууны дугуйлангийн өөрийн бяцхан шавь нартайгаа, СТА Б.Батмэнд төрсөн ах СТА Б.Батболдтойгоо тус тус оролцон Норовбанзад техникээр дуулж үзүүлсэн байна.

Харин хөөмэйн тухайд гэвэл энэхүү гайхамшгийг заавал дэлхий нийтэд сурталчлах ёстой, японы ард түмэн хөөмэй сонсох дуртай гэсээр мөн л Амазин Войс нэвтрүүлгээ хөөмэйгөөр хийчихээд тэд явжээ.
Монголыг нэгэнт уртын дуугаар дэлхийд таниулах мөчид хөөмэй ч тэр хэмжээний байр суурь эзлэх нь дамжиггүй гэсэн итгэлээр хөөмэйний тухай нэгэн зэрэг зураг авалтад шамдан орж, гурван сар дараалан манай уран бүтээлчидтэй ажилласан гэнэ.
Хүмүүсийн төдийлөн мэддэггүй хөөмэйчин байна уу, гэхдээ гайхамшигтай хөөмэйлдэг байх ёстой гэсээр хайж хайж Увс нутгийг зорьжээ.
Ард түмний дунд нэр нь түгсэн МУГЖ Тойвгоо гуайг хөөмэйн мастераар онцолсон байна. Түүний амьсгаа түгжилт нь дэлхий дээр рекорд тогтоох хэмжээний болсон байна шүү дээ, түүнийг хайрлаж хүндэлж байгаарай хэмээн хожим нэвтрүүлэг гарсны дараа мөн л монгол талын зохион байгуулагч руу NHK телевизийн уран бүтээлчид утас цохьсоныг сонсоход гайхалтай.
Мөн одоо үеийн хамгийн шилдэг хамтлагт тооцох ёстойг нэвтрүүлэгтээ онцгойлон илэрхийлсэн нь хөөмэйн таван хоолойг салгаж дуулдаг Хөсөгтөн хамтлаг байлаа. Нэвтрүүлгийн уран бүтээлчид нь тэдний хэтэрхий авьяастай мөртлөө хэтэрхий даруу байдлыг хараад гайхан биширч, ийм хөгжмийн өндөр түвшинд ажилладаг хамтлаг манай нэвтрүүлэгт орох нь маш хүндэтгэлтэй санагдаж байна. Японд нэр хүндтэй хамтлагтай холбоо тогтооход бүхэл бүтэн нэг жилийг зарцуулдаг, танай хамтлаг ийм гайхалтай мөртлөө манай нэвтрүүлэгт оролцохыг шууд зөвшөөрсөн нь үнэхээр талархууштай хэрэг байлаа хэмээн Хөсөгтөн хамтлагийг онцолсон гэнэ.
Нэвтрүүлэг гарсан даруйдаа Хөсөгтөн хамтлагийг Японы томоохон театруудад тоглолт хийх урилга ирүүлсэн сурагтай.
Ийнхүү тэд Монголын урлагийн гайхамшигт өвөөр дэлхийг гоёж байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ