Онц байдал зарласан Трампыг шүүхэд өгчээ

Латин Америкийн орнуудаас цутгах цагаачдын урсгалын зогсоох зорилгоор 3,200 км үргэлжлэх ханыг АНУ, Мексикийн хилийн дагуу барихаар төлөвлөж, уг ажлын төсөв болох 5.7 тэрбум ам.долларыг Конгрессээр батлуулахын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөд бүсэд ОНЦ БАЙДАЛ зарлаад буй юм.
Тэгвэл дээрх шийдвэрлтэй холбогдуулан Калифорни тэргүүтэй 16 муж улсын эвсэл Трампын Засаг захиргааг шүүхэд өгсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Эвслийнхэн гомдлоо Калифорни мужийн шүүхэд гаргажээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалт болох Мексикийн хилийн дагуу хана барих амлалтаа ажил хэрэг болгохын тулд орон даяар онц байдал зарлана гэж Трамп мэдэгдсний дараахан эвсэл түүнийг шүүхэд өгчээ.
Калифорни мужийн Ерөнхий прокурор Завиер Бесерра "Ерөнхийлөгчийн гаргасан дээрх үйдэл бол эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг" гэж мэдэгджээ.
Хана барих асуудлыг хамгийн их буруутгаж, шүүмжилж буй сөрөг хүчин Ардчилсан намынхан "Бид хэзээ ч бууж өгөхгүй. Хүний эрх, эрх чөлөөг боомилсон шийдвэрийг бид дэмжихгүй" гэлээ.
Ийнхүү Ерөнхийлөгч онц байдал зарласан учир шаардлагатай үед хэрэглэх улсын санд хадгалж буй 8 тэрбум ам.долларыг зарцуулах боломж бүрджээ. Трамп энэхүү мөнгийг бүхэлд нь хана барихад зарцуулахаар төлөвлөж буйг албаныхан онцлов.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ