Д.Наянбаяр: Жишиг болохуйц “Хог боловсруулах үйлдвэр” бариулахаар ажиллаж байна

img

Д.Наянбаяр: Налайх дүүрэгт улсдаа жишиг болохуйц “Хог боловсруулах үйлдвэр” бариулахын төлөө ажиллаж байна...

 

“Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Наянбаяртай ярилцлаа.

 

 

-ГАДНЫХАН МАНАЙ ХОГИЙГ МӨНГӨ БОЛГОЖ ХАРААД ЭХЭЛЧИХЛЭЭ-

 

-Та харьцангуй залуу хүн юм байна. Анх ажил хүлээж авахад байгууллагын тань нөхцөл байдал ямар байсан бэ?

 

-Анх ажил авахад нөхцөл байдал хүнд байсан. Налайх дүүрэг 10.500 орчим өрхтэй. Үүний 70 гаруй хувь нь гэр хороолол. Гэр хорооллын айлуудын хогийг тогтмол ачаагүйгээс үүдэж, хур хог ихээр үүссэн, жалга бүрд хогийн цэг үүсчихсэн байсан. Улмаар Тэрэлжийн аялал жуулчлалын бүс, Гордок зэрэг жаахан алслагдсан байршлууд тусдаа хогийн цэгтэй болчихсон байв. Энэ мэтээр хог хаягдлын менежментээр Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нэлээд хоцрогдчихсон байлаа. Би өөрөө Налайхын унаган хүүхэд. Тиймээс залуу хүний хувиар энэ салбарт ажил хийгээд үзье гэж зориод, зүтгэсэн. Одоо ажлаа аваад, хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэлээд өөрчлөлтийг хийж амжлаа.

 

 

-Тухайлбал?

 

-Байгууллагаа анх хүлээж авахад нийгмийн даатгал, ХАОАТ, УБЦС зэрэгт нийтдээ 200 гаруй сая төгрөгийн өртэй, техникийн эвдрэл ихтэй байсан. Өнөөдөр бид өрнөөсөө бүрэн гарч, ажилчдын цалин хөлсийг тодорхой хэмжээнд нэмж чадлаа. Машин техникийн бүрэн бүтэн байдлаа ч сайжруулсан.  Ер нь бид залуучуудын баг бүрдүүлээд, 2020 онд Улаанбаатар хотын алслагдсан энэ дүүргийн хогийн асуудлыг Улсдаа жишиг болохуйц байдлаар шийдчихье гэж зүтгээд ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Налайх дүүрэг хог хаягдлынхаа менежментийг сайжруулах чиглэлд маш сайн анхаарч ажилласан. Тодорхой үр дүнгүүд ч гарч байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

 

-Хог хаягдлынхаа асуудлыг улсдаа жишиг байдлаар шийдэх гарц боломж нь хэр байгаа юм бэ?

 

-Монгол Улс 2017 онд албан ёсоор хог хаягдлын тухай хуультай боллоо. Хууль батлагдахын өмнө НИТХ болон тэргүүлэгчдийн журмаар хог хаягдлынхаа асуудлыг зохицуулж ирсэн. Хууль батлагдсанаар Налайх дүүрэгт нэг давуу тал үүссэн. Тэр нь, Нийслэл баруун, зүүн талдаа  хоёр л хогийн цэгтэй. Гэтэл Налайх дүүрэгт илээр уурхай ухаж байсан 4.6 га газар хогийн цэгийн зориулалттайгаар манай байгууллагын эзэмшилдэг байдаг. Энэ нүхийг түшиглээд, Баянзүрх дүүргээс нааш бүх хогийг төвлөрүүлэн, боловсруулах боломжтой. Ер нь Налайх дүүрэг байршил болоод дэд бүтцийн хувьд хог боловсруулах үйлдвэр барих хамгийн боломжтой бүс. Нийслэлээс “Барилгын материал үйлдвэрлэх технологийн парк”-ийг Налайх дүүрэгт байгуулах шийдвэрийг гаргаад, ажлыг нь эхлүүллээ. Энэ бүхнээ түшиглээд, хог хаягдлынхаа менежментийг сайржуулах ёстой л гэж хараад байгаа юм. Цаашид том ажлууд хийгдэхтэй холбогдуулан, сурагчдад хогийг ангилан хаях сургалтыг тогтмол хийх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулах нь чухал байна.

 

-Налайх дүүрэгт үнэхээр “Хог боловсруулах үйлдвэр” барих бүрэн боломжтойг харуулах зорилгоор та бүхэн тодорхой алхмууд, зорилтот ажлууд хэр ихийг хийв?

 

-Нийслэлийн дүүргүүдийн ТҮК-үүд хогийг тоон системээр үнэлдэг. Гэтэл Налайх дүүрэгт энэ тоон систем байхгүй. Яагаад гэхээр хогийн цэг дээр нь авто пүү байхгүй. Тиймээс нэг том нүх рүү л хогоо хийж ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд дүүрэг болон бусад ААН-тэй хамтарч, хогийн цэгээ  нэлээд цэгцэлсэн. Одоо бид өөрсдийн хөрөнгийн хөрөнгөөрөө авто пүү байрлуулах юм. Ингэснээр бид тоон системээр хогоо үнэлдэг хэлбэр лүү орох эхний алхмууд хийгдлээ. Энэ ажлыг  хийсний хэрээр санхүүгийн өгөөж ч нэлээд нэмэгпсэн. Мэдээж хөрөнгө оруулалт татах боломжууд юу байна. Хаанаас төсөл, хөтөлбөр татах уу гэдэг дээр удирдлагын баг маш сайн анхаарч ажилладаг. Ингэж ажиллаж байгаа учраас БНСУ, БНХАУ, Японы  хөрөнгө оруулалтууд орж ирэхэд бэлэн болсон. Хогийг цогцоор  нь ангилдаг үйлдвэрийг барья гэсэн санал тавьж байгаа юм. Бид суурь бэлтгэлээ бол хангачихсан гэсэн үг. Мөн дээр нь Тэрэлж, Гордок дахь хогийн цэгүүдийг хаагаад, нэг цэг дээр төвлөрүүлээд хэвшүүлчихлээ. Налайхтай ойролцоо үйлдвэр, үйлчилгээний газрууд бүгд наашаа хогоо хаяж байна. Хогоо нэг цэг дээр төвлөрүүлээд ирэхээр хогийг ангилах боломж бүрддэг. Үнс тэргүүтэй энэ хогуудаар бид барилгын материалын үйлдвэрлэл чиглэлд асар олон бүтээгдэхүүн хийх боломжтой. Энэ бүхний эхлэлийг бид тавиад л явж байна.

 

-Гадны гурван ч хөрөнгө оруулагч хог боловсруулах үйлдвэр барих хүсэлтээ илэрхийлсэн гэдгийг та яриандаа дурдлаа. Жаахан дэлгэрүүлээд мэдээлэл өгөхгүй юу?

 

-Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын 1984 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд томоохон компани манай байгууллага дээр ирж уулзлаа. Уг компани өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Налайхын хогийн асуудлыг тал талаас нь судалсан байна. Нийслэлийн хоёр хогийн цэг алсдаа дүүрнэ. Тиймээс Налайхад уурхайн цэгүүдийг нь түшиглэн, хогийн цэгийг өргөжүүлэн барих боломж байна. Үйлдвэр барих түүхий эд нь ч бэлэн байна гэж харсан байгаа юм. Тиймээс бидэнтэй ирж уулзаад, “Бид хөрөнгө оруулахад бэлэн. Та бүхэн дүүрэг, нийслэлийн удирдлагуудтайгаа уулзуулаад өгнө үү. Бид тооцоо, судалгаагаа хийчихлээ” гэж байна. Гадныхан манай хогийг мөнгө болгож хараад эхэлчихлээ. Гол нь ажил хийж байгаа залуу хүний хувьд, Нийслэлийг нэг хогны машин шийдээд өгөөч. Манай төсвийг нэмчихвэл тийм ажил хиймээр байна гэх зэргээр шалтаг тоочоод суумааргүй байгаа юм. Үүнийхээ оронд ямар боломж, бололцоог үүсгэж болох уу гэдэг дээр анхаарч ажиллаж байна.

 

 

-МАНАЙ БАЙГУУЛЛАГА “ХОГ ЯЛГАВАЛ БАЯЛАГ” ГЭСЭН УРИАТАЙ-

 

-Яг аж ахуйн ажлыг залуу хүний хувьд удирдаад, байгууллага аваад явахад ямар хүндрэл гарч байна?

 

-Манайх Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Төрийн өмч. Гэхдээ үйл ажиллаагаа өөрсдөө санхүүжүүлээд, ашиг олоод явах үүрэг хүлээдэг. Манай байгууллага хоёр үндсэн хэсгээс санхүүждэг. Нэг нь иргэн, айл өрх, ААН-ээс авдаг хог хаягдлын хураамж. Нөгөө нь, Нийслэлийн хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийтийн эзэмшлийн зам талбайд 1 м.кв талбайг тэдэн төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн захирамжийн хүрээнд санхүүжүүлдэг. Бид жилийнхээ бизнес төлөвлөгөөнд хүрэхийн төлөө л ажилладаг. Гол нь боломжуудаа л ашиглах хэрэгтэй. Нийслэлийн аялал жуулчалын бүс болох Тэрэлж рүү урин дулааны цагт давхардсан тоогоор Баасан гаригийн орой 2400 орчим авто машин нэвтэрдэг. Энэ зах зээлээ мэдэрч, дотоод болон гадаад аялал жуулчлалаас хог хаягдлын төлбөрийг хэрхэн системтэйгээр авах уу гэхчлэн цаашид сайжруулаад, санаачлаад явах ажлууд манайд маш их бий.

 

-Танайх хэдэн ажилтантай вэ?

 

-Манайх үндсэн 60 ажилтантай. Гэрээт байдлаар тогтмол 20 орчим ажилчид ажилладаг. Бид өглөөний 05:00 цагаас яг л Нийслэл хотын жишгээр зам талбайгаа цэвэрлээд, хогоо тээвэрлээд эхэлдэг. Бид сар бүр яг тогтсон хуваарийн дагуу айл өрхүүдийн хогийг ачиж байна.

 

 

-Хогийг ангилан хаях чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чадаж байна уу?

 

-Энэ оны эхнээс тодорхой бүсүүдэд хогийг ангилан хаях чиглэлд ажлууд хийж эхэллээ. НҮБ-ын эзлэхүүнд суурилсан хог хаягдлын менежментийг боловсруулдаг ажлын хэсэгтэй манай байгууллага хамтарч, хоёр төрлийн төслийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, Тэрэлжийн бүсээс 150 өрх сонгож, гурван төрлийн  шуудай олгон, хогийг нь ангилуулж байна. Ингэснээр нэг айлаас гарах хогны хэмжээ, эзлэхүүнэрс багаслаа. Хоёрдугаарт, Орон сууцны зарим хэсэгт ангилан ялгадаг хогийн сав байрлуулж байна. Мөн “Койка” олон улсын байгууллагатай хамтран, хогийн савны асуудлыг цогцоор нь шийдэж, 20 цэгт шинээр байрлуулж дуусгалаа. Тэрэлжийн аялал жуулчлалын бүс болон орон сууцны гаднах талбайд байрлуулсан байгаа.

 

-Ер нь гадны орнуудаас дэмжлэг авах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага судлах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна. Яг тодорхой ахиц, үр дүнгүүд хэр гардаг юм бэ?

 

-Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд БНСУ-ын Пусан хоттой шипийн харилцаатай ажилладаг. Мөн хуванцар савыг хайлдаг гялгар уут болгон үйлдвэрлэх эрхийн патентын эзэмшдэг Японы нэг эрдэмтэнтэй холбогдож үзсэн. Улсдаа урьж, нөхцөл байдлаа ч сайн танилцуулсан. Эрдэмтний зүгээс Филиппинд хэрэгжүүлж буй төслөө дуусгасны дараа Монгол Улсад ирж ажиллах саналаа албан ёсоор илэрхийлсэн. Мөн энэ зун ирээд, эхний ажлуудаа амжуулахаар төлөвлөсөн. Манай улс ирэх сарын эхнээс гялгар уутны  хэрэглээг хориглоно. Тиймээс бид энэ чиглэлд тодорхой санаачлага гарган ажиллах хүсэлтэй байгаа юм. Дүүргийнхээ даавуун, нийлэг уут оёх саналаа болвсруулаад явж байна.

 

 

-Хогийг ангилан хаях чиглэлд соён гэгээрлийн ажлуудаа хэрхэн хийдэг вэ?

 

-Сургалтыг цэцэрлэг, сургууль руу ихэвчлэн хандуулж хийдэг. Яагаад гэхээр, бид ирээдүй хойчдоо хогоо ангилдаг байх сэтгэхүйг суулгахыг зорьж байна. Яг амьдралынх нь хэвшил тогтчихсон, насанд хүрэгчдэд хогийг ангилан хаях чиглэлд нэг л идэвхгүй, ойлгохгүй байгаа байдлаар ханддаг. Хуулиараа тухайн хог нь ТҮК-ийн машинд ачуулаагүй үедээ иргэдийн өмч болоод явчихдаг. Гэтэл иргэд хогоо арчлах, ангилах тал дээр ухамсартай хандах нь цөөхөн. Гэтэл хүүхдүүдэд 1-2 удаагийн сургалт оруулахад л шал өөр байдаг. Уг нь бодлогын хүрээнд ЕБС-д хог хаягдлын боловсролыг олгох ёстой. Хог гэдэг бол мөнгө юм. Тэр талаас нь харж сургах хэрэгтэй. Манай байгууллага “Хог ялгавал баялаг” гэсэн уриатай. Энэ уриалгыг дэвшүүлээд, хоёр жил ажиллалаа. Эхнээсээ тодорхой үр дүнгүүд гарч л байна.

 

-Хог ачилтын талаар гомдол санал их ирдэг үү?

 

-Энэ чиглэлд гомдол санал ер нь ирэхээ больсон. Өмнө нь гомдол, санал маш их ирдэг байгууллага байсан. Дүүргийн чанартай хурлууд дээр манай дээр гомдол гарахгүй, илүү урагшаа явж ажилласан учраас  бид 2018 онд дүүргийнхээ шилдэг  байгууллагаар шалгарсан. Гурван жилийн өмнө бид дүүргийнхээ хамгийн муу байгууллагаар нэрлэгддэг байв. Тиймээс ч тодорхой зорилго тавиад, маш олон ажлуудыг багаараа хамтран жигдэлж чадлаа. Бид 2020 онд гэхэд гэр хорооллын айлуудын хогийг 14 хоногт нэг удаа, орон сууцны  айлуудыг өдөрт нэг удаа авдаг байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн хогийн савуудыг өдөр бүр ариутгадаг байх ажлыг бид эхлүүлж чадлаа. Дулаан оронгуут тогтмолжуулж эхэлнэ. Нийслэлтэйгээ ойлголцоод ажиллахаар  санхүүжилтүүд тогтворжиж, ашигтай ажиллагаа руу шилжиж эхэлсэн. Бид давхар авто зам арчлалтын асуудлаа хариуцдаг байхаар ажиллаж байна. Ингэснээр илүү өргөн хүрээнд, далайцтай, сайн ажиллах боломж бүрдэх юм.

 

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Эх  сурвалж: eguur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hi:
энэ хогын сав байна уу авмаар байна үнээ явуулна уу,хэд хоногт гарах вэ
2019-09-25
Ht:
Saihan sanaa bn ene ercheeree ajillaad bgaarai mundag shu
2019-02-24
Hi:
Saihan niitlel bna
2019-02-20
Oogii:
Amjilt husie
2019-02-20
Myndag ajilsag alsiig xarj setgedeg zalyy. Bna daa iim zalyys olon baibal. Mongoliin ireedvin xogjild ix xybi nemertei bx bxaa amjikt
2019-02-20
Налайхын иргэн:
Мундаг хөдөлмөрч залуу шүү.Амжилт хүсэе
2019-02-20
БТК:
Амжилт хүсье.
2019-02-20