Карл Лагерфелдийн бүх хөрөнгийг МУУР нь өв залгамжилна

img

Загварын хаан гэгддэг, алдарт "Chanel" брэндийн загвар хариуцсан захирал Карл Лагерфелд өнгөрөгч долоо хоногт 85 насандаа бурхны оронд очсон билээ. Түүнийг олон жил уушгины хорт хавдраар өвчилсөн хэмээв. 

 

 

Тэрээр "Chanel"-ийг дэлхийн номер 1 брэнд болгоход хамгийн их хүч, хөлсөө дайчилсан нэгэн гэдэг. 

 

Карл Лагерфелд олон жил ганц бие явсан ба эхнэр, хүүхэдгүй нэгэн байжээ. Харин Лагерфелд цагаан өнгийн Шупетт гэх муураа хүүхэд шигээ өсгөсөн юм. Тэрээр үргэлж муураа загварын шоу, томоохон арга хэмжээнд дагуулан явахаас гадна маш үнэтэй гоёл чимэглэлээр гоёдог байв.

 

2012 онд  Лагерфелд "CNN" агентлагт "Шупетт бол миний бүх зүйл. Зөвхөн минийх" гэж ярьж байжээ.  Лагерфелд таалал төгссөн учир түүний эд хөрөнгийг хэн өвлөж авах вэ гэдэг асуудал олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. 

 

Тэгвэл 11 настай Шупетт муур эзнийхээ нийт хөрөнгөнөөс тодорхой хувийг өвлөн авахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

Лагерфелдийн нийт хөрөнгө 195 сая ам.доллар гэнэ. Гэхдээ уг мөнгөний хэдэн хувь нь мууранд ирэх нь нууц байна. "Гэрээслэлдээ Лагерфелд бүх хөрөнгөө муурандаа үлдээсэн" гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд мэдээлэв. 

 

Мөн Шупетт загварын модель, томоохон сэтгүүлүүдийг чимж байсан юм. Шупетт муур эзнээсээ хамааралгүйгээр ойролцоогоор гурван сая ам.доллар цуглуулсан гэнэ. 

 

Төрсөн цагаасаа дээдсийн хүрээлэнд амьдарсан Шупетт муур хэрвээ дээрх мөнгийг бүгдийг нь өвлөн авбал тэрбээр дэлхийн хамгийн баян гэрийн тэжээмэл амьтан болох юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ