Тоглоомон буугаар онгоц барьцаалахыг санаархжээ

Бангладеш улсын агаарын тээврийн “Biman Bangladesh Airlines” компанийн “Boeing 737-800” онгоцыг гар буутай этгээд барьцаалахыг санаархсан билээ.
Тус онгоц Дакка хотоос Дубайг чиглэн нислэг үйлдэж байсан юм. Онгоцонд нийт 148 зорчигч зорчиж явжээ.
Онгоц хуваарийн дагуу нислэг үйлдэж байхад нэгэн зорчигч өөрийгөө буутай хэмээн мэдэгдэж, ахмадыг сүрдүүлсэн аж. Улмаар ахмад онгоцонд буутай этгээд байна хэмээн төв станцдаа мэдэгдэж, Читтагонг боомтод ослын буулт хийсэн юм.
Онгоцыг газардах үед Бангладешийн аюулаас хамгаалах хүчний ажилтнууд барьцаалагчийг буудан хөнөөжээ. Тэрээр эсэргүүцэл үзүүлсэн учир устгахаар өөр сонголтгүй байсан гэж албаныхан тайлбарлав.
Тэгвэл мэргэжилнүүд онгоц барьцаалагчийн биедээ авч явсан буу тоглоомон буу байсан хэмээн мэдэгдлээ. 25 настай залуу онгоц барьцаалахыг санаархсан ба сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан гэнэ.
Зарим зорчигчид "Барьцаалагч этгээд онгоцонд тэсрэх бөмбөг байршуулсан гэж бидэнд хандан хэлсэн" гэж ярьцгаажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ