Ш.Алтантуяаг хөнөөсөн Сурилыг энэ долоо хоногт нутаг буцаана

img

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Монгол бүсгүйн талаар “www.businesstimes.com.sg” сайт мэдээллээ.

 

 

Австралийн Сидней хотын шүүх орчуулагч бүсгүйн аллагын гол сэжигтэн Малайзын экс Ерөнхий сайд Нажаб Разакын бие хамгаалагч Сирул Азхар Умарыг энэ долоо хоногтоо багтаан улсаасаа албадан гаргах шийдвэр гаргажээ.

 

Сурил өөрийгөө “улс төрийн гэмт хэргийн золиос” болсон хэмээгээд, шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

 

Шүүхээс түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Сурилыг “Онц ноцтой аллагын гол сэжигтэн болохоос улс төрийн гэмт хэргийн золиос биш” гэж мэдэгджээ.

 

Австралийн тал аллагын гол сэжигтэнг хэзээ Малайзын талд шилжүүлэн өгөх талаарх нууц мэдээллийг нийтэд задруулахаас татгалзсан гэнэ.  Австралийн эрх баригчид өнгөрөгч долоо хоногт Сурилыг нутагтаа байлгах шаардлагагүй хэмээн үзэж, албадан гаргахаа мэдэгдсэн юм.

 

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа гэх орчуулагч бүсгүй 2006 онд Малайзын ойгоос амиа алдсан байдалтай олджээ. Түүний толгой тус газар руу буудсанаас гадна цогцсыг нь нуун дарагдуулахын тулд биед нь цэргийн зориулалтай “C4” тэсрэх бөмбөг суурилуулж, дэлбэлсэн аж.

 

Тухайн үед уг аллагатай холбогдуулан экс Ерөнхий сайдын хоёр бие хамгаалагч болох Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарыг баривчилжээ. Тэднийг хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авах ялаар шийтгэсэн түүхтэй.

 

Мөн орчуулагч бүсгүйтэй дотно харилцаатай гэх Малайзын Ерөнхий сайдын дотны найз, Батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгчийг баривчилсан ч нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар түүнийг сулласан байна.

 

 

Багинда суллагдах үедээ хэвлэлийнхэнд “Би орчуулагч бүсгүйг таньдаг байсан. Гэхдээ түүний аллагатай ямар ч холбоогүй” гэж ярьжээ.

 

Давж заалдах шатны шүүх хурлын үеэр батлан даалтаар суллагдаад байсан Сирул Азар Умар нь Австрали руу зугтсан юм. Визнийх нь хугацаа дууссаны улмаас тэрбээр Австралийн Цагаачлалын албаны саатуулах байранд өдөр хоногийн өнгөрөөж байна. Тэрбээр өдөр бүр Австралийн Засгийн газраас улс төрийн орогнол хүссэн ч үргэлж татгалзсан хариу авчээ.

 

“Австралиас түүнийг албадан гаргахаар боллоо” гэх мэдээллийн дараа Сурил “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” гэж хэлжээ.

 

Сурил “нутаг буцвал шууд амиа алдах болно” гэж мэдэгдсэн ч Австралийн тал Сурилыг хамгаалах ямар ч шалтгаан байхгүй гэх байр сууриасаа буцахгүй гэдгээ илэрхийллээ. 13 жилийн тэртээ амиа алдсан Ш.Алтантуяагийн аллага Малайзын түүхэнд гарсан хамгийн онц ноцтой аллага аж.

 

Шинжээчид орчуулагч бүсгүйг “жинхэнэ утгаараа улс төрийн гэмт хэргийн золиос болсон” гэдэг.

 

Учир нь орчуулагч бүсгүй амиа алдахаасаа өмнө Малайзын Засгийн газар Францаас “Скорпион” шумбагч хөлөг онгоц худалдаж авах нэг тэрбум ам.долларын өртөгтэй нууцын зэрэглэлтэй наймаанд орчуулагчаар оролцсон байна. Сурил ч орчуулагч бүсгүй “хэтэрхий их зүйл мэдсэнийхээ төлөө амиа алдсан” гэж ярьж байсан удаатай.

 

Гэхдээ шинжээчид хэргийн үнэн зөвийг олоогүй өнөөг хүрчээ.

 

Махатир Мохамад Малайзын Ерөнхий сайд болсныхоо дараа олон жил нууц байсан орчуулагч бүсгүйн аллагын жинхэнэ захиалагчийг илрүүлэх ажилд албаныхныг дайчилсан юм.

 

Ерөнхий сайд Мохамад орчуулагч бүсгүйн аллагатай экс Ерөнхий сайд Разакийг шууд холбоотой гэж буруутгадаг.

 

Разак корон сударт гараа тавин өөрийгөө орчуулагч бүсгүйн аллагатай ямар ч холбоогүй гэдгээ ард түмнийхээ өмнө амласан муу нэрээрээ цэвэрлэж чадахгүй өнөөг хүрчээ. Олон жил хаан шиг амьдарсан Разак өдгөө эхнэрийнхээ хамтаар хуулийнханд шалгагдаж байна. Түүнийг төрийн сангаас олон тэрбум доллар хувьдаа завшсан, авлига болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ