Залуу удирдагчийн ТӨГС БИЕ ХАМГААЛАГЧИД

Вьетнамын нийслэл Ханой хотноо ТРАМП-КИМ нарын хоёр дээд хэмжээний саммит уулзалт өнөөдөр эхэлнэ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хэдийнэ Ханой хотноо хүрэлцэн ирж, зочид төлөөлөгчидтэй уулзаж байна.
Вьетнамын эрх баригчид уг уулзалтад ихээхэн ач холбогдол буй бөгөөд уулзалт болох газруудад зэвсэгтэй цэргүүдийг байршуулж, иргэд болон хэвлэлийнхнээс хамгаалж байна. Мөн удирдагчдын аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч буй юм.
Тэгвэл Ким Чен Ун уламжлал ёсоор өөрийн хувийн бие хамгаалагчдынхаа хамтаар Ханой хотноо ирсэн байна. Тэрбээр өнгөрөгч оноос улсынхаа хилийг даван, гадаадын орнуудад айлчлал хийх болсон. Удирдагч айлчлал бүртээ гадаад төрх, биеийн өндөр болон үс засалт нь хүртэл ижилхэн 15-20 бие хамгаалагчаа дагуулан явах уламжлал тогтсон билээ.
Бие хамгаалагчид хамгийн анх хоёр Солонгосын удирдагчийн уулзалтын үеэр олны өмнө гарсан билээ. Эрүүл чийрэг бие хамгаалагчид удирдагчийнхаа машиныг даган гүйж буй бичлэг youtube.com сайтад ихээхэн алдартай.
Зөвхөн удирдагчийг хамгаалах бие хамгаалагчдыг бага наснаас нь бэлддэг ба олон мянган залуусаас жилд хэдхэн нь сонгогддог аж.
Тэд бэлтгэгдэж байх хугацаандаа бие хамгаалах урлаг болон зэвсэг техникийг жинхэнэ утгаар нь төгс эзэмшдэг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ