Дэлхийн түвшний судалгааг Монголд...

img

-Сургууль дундын 10, сургалт, судалгааны 16 лаборатори шинээр байгуулжээ-

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийг 2012 оноос хэрэгжүүлж байна. Уг төслөөр чанартай, сайн менежмент бүхий тэгш хүртээмжтэй дээд боловсролын тогтолцоог Монгол улсад бий болгохыг зорьж байгаа юм. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар сайжирч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, олон улсад өрсөлдөх чадвартай төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. Төслийн хүрээнд олон ажил амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байна. Сургалтын чанарыг сайжруулахад сурах орчин чухал нөлөөтэй. Тиймээс шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийн судалгааг хөгжүүлэх зорилгоор сургууль дундын 10, сургалт, судалгааны 16 лаборатори шинээр байгуулжээ. Өнөөдөр МУИС-д 11, МУБИС-д 2, ХААИС-д 4, ШУТИС-д 7, Дорнод их сургуульд нэг, Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургуульд нэг лаборатори ажиллаж байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Тиймээс эдгээр лабораторийн заримтай танилцуулья.  

 

Бидний очсон эхний газар бол Монгол улсын их сургууль. Тус сургууль ихэнх лабораториа шинэ номын сандаа төвлөрүүлжээ. Эхлээд “Лазерын судалгааны лаборатори”-аар орлоо.  Нийтдээ гурван орчим тэрбум төгрөгийн өртөгөөр байгуулагдсан энэ лаборатори нь өндөр хүчин чадалтай орчин үеийн лазерын систем, лазерын машин зэрэг 60 гаруй нэр төрлийн төхөөрөмжтэй аж. Тус лабораторийн эрхлэгч, доктор, профессор Ж.Даваасамбуу “Байгуулагдаад жил гаруй болж байна. Ийм түвшний лаборатори дэлхийд олон биш. Энд 10 хүн ажиллаж байгаагийн 80 хувь нь гадны их, дээд сургуулиудад лазерын чиглэлээр судалгаа хийж байсан, доктор судлаач багш нар байгаа. Эхний судалгааны ажлууд хийгдээд, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн. Өмнө нь Монголчууд өндөр түвшний сэтгүүлд хэвлүүлэх судалгааны ажлуудаа ихэвчлэн гадаадад, голдуу гадныхантай хамтарч хийдэг байлаа. Бидний нэг давуу тал бол Монголд хийсэн ажил дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх боломж нээгдсэн” хэмээн ярилаа. Өнөөдөр судлаачид хатуу болон шингэн төлөвт гэрлийн үйлчлэлээр бий болох өдөөгдсөн төлвийн судалгаа, богино пульстай лазерын спектроскопийн төхөөрөмжийг хөгжүүлэх, шугаман бус үзэгдэл, квант оптикийн зэрэг судалгааг гол чиглэл болгож байгаа аж.  Монголд энэ лаборатори байгуулагдсанаар өндөр түвшний судалгаа хийх боломж нээгдэж, гадны эрдэмтэд ирж, хамтарсан туршилт хийх хүсэлтээ гаргадаг болжээ.

 

 

“Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лаборатори”-д очвол багш, оюутнууд завгүй сууцгааж байв. Тус лаборатори “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан бөгөөд компьютер график, виртуал реалити, аугментэд реалити, симуляци зэрэг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр дэлхийн түвшний харилцан уялдаатай, нэгдмэл судалгаа хийдэг аж. Инженерийн ухааны доктор, профессор А.Энхбаяр “Бид энэ салбарт мэргэжилтэн бэлтгэх, гарааны компани байгуулж, өөрсдийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой ажилладаг” хэмээн лабораториа танилцуулж, өөрсдийн бүтээлүүдээс үзүүлэв. Түүний нэг нь “Багануур” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлсэн “Уул уурхайн техник ашиглалтын машины виртуал реалитид суурилсан бүрэн симулятор байгуулах” төсөл юм байна. Үүнээс гадна “Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудыг математикийн аргаар судлах нь”,  “Цогц процессийн загварчлал, оновчлол ба симуляци”, “Монголын соёлын биет өвийг дижитал орчинд судлах нь” зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлжээ. Мөн лабораториа түшиглэн “Дижитал солюшнс” өндөр технологийн гарааны компани байгуулж, судалгааны чиглэлээр олон өгүүлэл нийтлүүлжээ.         

  

 

“Генийн инженерчлэлийн лаборатори” хаягтай хаалгаар орвол цагаан халаадтай хүмүүс ажиллаж байгаа харагдав. Энд суурь судалгаа, инженер, технологи, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Суурь судалгааны чиглэлээр гэхэд генетик, молекул биологийн гэх мэтийн судалгааны ажлууд хийдэг байна. Лабораторийн эрхлэгч О.Одгэрэл судалгааны ажлынхаа үр дүнгийн талаар “Бид интерферон гэдэг төрөл бүрийн хавдар, гепатит С-гийн эсрэг үйлчилгээтэй эмийг Монголд анх удаа генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан. Энэ бол Монгол хүмүүс өөрсдөө эм бэлдмэл хийж чадна гэдгийг харууллаа” хэмээн яриад “Бидэнд олон төрлийн эм,  оношлуур, био бэлдмэл гаргах боломж бий. Мал аж ахуйд гэхэд уураг, вакцин, био бэлдмэл хийх боломж бүрдлээ” гэв. Монголдоо цор ганц байгаа тус лабораторид оюутнууднаас гадна эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны ажлуудаа хийдэг байна. Засгийн газраас тэргүүлэх гурван салбараар биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийг зарласан бөгөөд эдний ажлууд ч үүнтэй  уялдаж байгаа аж.

 

Дараа нь “Шинэ материалын лаборатори”-аар орвол ганцхан хүн туршилт хийж байлаа. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн магистрын оюутан О.Даваасамбуу “Энэ лабораторид химийн инженерчлэл, материал судлалын чиглэлээр гурав, дөрөвдүгээр курс, магистр, докторын оюутнууд судалгаа хийдэг. Өнөөдрийн хувьд бусад судлаач, оюутнууд хараахан ирээгүй байна. Би хаягдал усанд агуулагдаж байгаа хүнд хортой нэгдлийг шингээж авах, байгаль экологид ээлтэй нийлмэл материал гаргах судалгаа хийж байна” хэмээн ярилаа. Түүний хувьд хагас жил энэ судалгаан дээрээ ажиллаж байгаа аж.

 

 

Их сургуулиас ШУТИС руу очлоо. Энд байгуулсан Биомеханикийн судалгааны лаборатори мөн л Монголдоо анхдагч төдийгүй биомеханикийн чиглэлээр орчин үеийн судалгаа хийдэг онцлогтой юм. Техникийн механикийн тэнхимийн профессор, доктор Д.Ганбат “Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Монголд анх удаа Биомеханикийн судалгааны лаборатори байгуулж, компьютер удирдлагатай туршилтын универсаль машинд ашиглагдах нэмэлт тоноглолууд, туршилтын болон хэмжилтийн багаж хэрэгслүүд, сервер зэргийг нийлүүлсэн. Эдгээрийг хиймэл эд эрхтэн, машин, системийн шинэ хийц, загваруудын инженерийн тооцоо, симуляцийг гүйцэтгэх болон тэдгээрийн эд ангиудын бат бэх, хөшүүн чанар, тогтвор, хатуулаг, хүчдэл-хэв гажилтын төлөв байдлыг туршилтаар судлах зориулалттай сургалт, судалгаанд ашиглаж байна” гэж лабораториа танилцууллаа. Энэ лаборатори байгуулагдсанаас хойш судалгааны олон ажил хийсний нэг нь ямааны ноолуур, тэмээний  ноосноос хиймэл арьс хийх материал гаргах судалгааны ажил юм. Энэ судалгааны ажил хоёр жил орчим үргэлжилж байгаа бөгөөд эхний үр дүн нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгджээ. Жилд 800-1000 оюутан энэ лабораторитай танилцаж, туршилтын ажил хийдэг байна.

 

 

“Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Монголын их, дээд сургуулиуд дэлхийн түвшний лаборатори, тоног төхөөрөмжтэй болж, багш, оюутан судлаачид Монголдоо ямар ч түвшний судалгаа хийх, шинэ бүтээл гаргах боломж, нөхцөл ийнхүү бүрджээ. Үр дүнгүүд ч эхнээсээ гараад эхэлж. Үүнийг лабораториудын хийсэн судалгаа, шинжилгээний ажил, бүтээлүүд батлах аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zail:
Chi uuruu matematik baigaliin uhaandaa muu unshsan bolj hii margalddag sonsosnoo medleg gej boddod batsaan
2019-03-01
харагдаж л байгаа биз дээ
2019-02-28
Zzz:
Xaragdaach
2019-02-27
Zail:
Chi uuruu matematik baigaliin uhaandaa muu unshsan bolj hii margalddag sonsosnoo medleg gej boddod batsaan
харагдаж л байгаа биз дээ
Зочин:
Өө бүр ийм лаг болчихсон юмуу. Болжийшдээ
2019-02-27
zochin:
wow manai ikh deed surguuliud goe bolj bgaa yum baina daa. Bidnii uyed iim labortorytoi bolno gej tusuulj ch baigaagui yum baina. Goyo yumaa.
2019-02-27