Хүүхдэд амиа хорлохыг зааварчилдаг МОМО-гоос болгоомжилно уу

Бага насны хүүхдүүдэд амиа хорлох зааварчилгаа өгдөг гэх “Момо Челлэнж”-тэй холбоотой мэдээллийг хүргэж байна. Энэ талаар “wikipedia.org” болон “www.theweek.co.uk” сайт мэдээллээ.
Бага насны хүүхдүүдийг амиа хорлохыг зааварчилдаг онлайн тоглоом хүчээ авч эхэллээ. “Момо Челлэнж” гэгчээс болж, олон хүүхэд амиа хорлосон байна.
Хүүхдүүдийг үхэл рүү түлхэж буй Момо гэгчийг Японы аймшгийн кинонд зориулан Кэйсүкэ Айсава урласан гэнэ. 2016 онд Токио хотноо болсон олон улсын хүүхэлдэйн үзэсгэлэнгийн үеэр Момог анх нийтэд үзүүлсэн аж.
Зохиол дээрээ “ төрөхийн хүндрэлээр амиа алдсан ба удалгүй үзэшгүй муухай шувуу болно хувирсан нэгэн” гэж гардаг. Тэгвэл саяхнаас түүний нэрээр нэрлэсэн челлэнж хүчээ авчээ.
“Момо челлэнж” хамгийн их үзэгчтэй “Youtube” сайтын бичлэгүүдийн дунд гэнэт зар сурталчилгаа мэт гарч ирж, үзэгч хүүхдүүдэд зориулан тусгай зөвлөгөө өгдөг байна. Үзэшгүй муухай төрхтэй Момо инээмсэглэн “Чи эцэг эхээсээ өшөөгөө авмаар байна уу”. “Эсвэл өвдөлтгүйгээр үхэх арга байна”, “Гэхдээ та нар үхэхгүй над шиг шувуу болно” гэж зөвлөж, дараа нь амиа хорлох зааварчилгаа өгдөг аж.
Ихэвчлэн бага насны хүүхдүүдийн үздэг “Minecraft”, “Peppa Pig” гэх хүүхэлдэйн киноны дундуур Момо гарч ирдэг гэнэ. “Youtube” сайт Момотой тэмцэж буй бөгөөд өнгөрөгч сар гэхэд 580 орчим хууль бус бичлэгийг устгажээ.
“Момо челлэнж”-ээс болж, Аргентинд 12 настай Ингениеро Масчитз гэх охин амиа хорлосон гэнэ. Охин Момогийн зааварчилгаагаар долоон давхраас үсэрчээ. Тэрээр үхэхээсээ өмнө “Би тэр бор шувуу шиг шувуу болно. Момо амласан. Тэр намайг шувуу болгоно гэж амласан” гэж бичжээ.
Уг амиа хорлолтын дараа олон улс Момод ихээхэн анхаарал хандуулах болсон юм.
Испанийн нэгэн сэтгэл судлаач 5-9 насны 100 хүүхдээс “Момог мэдэх үү. Хэрхэн мэдэх болсон вэ?” хэмээн асуужээ. Хүүхдүүдийг 48.5 хувь нь “Момог мэддэг. Тэр гэнэт л хүүхдэлдэйн киноны дундаас “Сайн уу” гээд гараад ирдэг” гэж хариулжээ. “Момо чамд зааварчилгаа өгч байсан уу?” гэх сэтгэл зүйчийн асуултад 10 хүүхэд “Момо гал байна уу, гал байгаа бол яг одоо гэрээ шатаа гэж хэлсэн” гэж хариулжээ.
Өдгөө Бразил, Аргентин, Канад, Колумб, Франц, Герман, Испани, Их Британи, Энэтхэг, Мексик, Пакистан, Белги, Филиппин, АНУ-ын эрх баригчид “Момо Челлэнж”-ийн эсрэг тэмцэж байна.
Эдгээр улсын Хууль зүйн яамд бага насны хүүхдүүдийг гол байгаа болгож буй “Момо Челлэнж”-тэй хатуухан тэмцэж, цахим ертөнц дэх хяналтаа чангатгажээ.
2018 оны арванхоёрдугаар сард Бразилийн цагдаагийнхан инстаграмд Момогийн зургийг оруулж, дагагч нартаа амиа хорлох зөвлөгөө өгсөн 27 настай этгээдийг баривчилсан гэнэ. Залуу “зүгээр л хөгжилдөхийн тулд Момогийн зургийг ашигласан” гэж мэдүүлгийнхээ үеэр ярьжээ.
Францид 2018 оны наймдугаар сард Момогийн зааварчилгаагаар 14 настай хүү аавынхаа аминд хүрэхийг завдсан хэрэг гарчээ. Хүү цаасны хутгаар аавынхаа хоолойг хэрчих гэж байсан гэнэ. Белгид энэ оны эхээр 12 настай хүү судсаа ханаж амиа хорлосон байна. Хүүгийн ашигладаг нөүтбүүкээс Момогийн хэдэн зураг болон зааварчилгааг олсон гэдэг.
Пакистаны Ерөнхий сайд “Момо болон Цэнхэр халим” гэх үгийг ашиглахыг хатуу хоригложээ.
Филиппинд энэ оны нэгдүгээр сарын 11-нд 12 настай хүү мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж амиа алджээ. Цагдаагийнхан хүүгийн хэрэгт Момо холбоотой хэмээсэн юм. Улмаар эрх баригчид нийгмийн сүлжээ дэх хяналтаа чангаруулж, эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг уриалсан байна.
Мексикийн цагдаагийнхан энэ оны эхээр 2000 гаруй дагагчтай “Момо” гэх фэйсбүүк пейжийг илрүүлсэн аж. Уг пейжийн гишүүд нь 11-15 насных байжээ. Гэхдээ уг “Момо” гэх пейж “Момо Челлэнж”-тэй холбоотой гэдгийг тогтоож чадаагүй ч админыг нь баривчилжээ.
2017-2018 оны хооронд ОХУ-д “Цэнхэр халим” гэх челлэнж хүчээ авч, эрх баригчдын санааг зовоох болсон.
“Цэнхэр халим”-аас болж, ОХУ-д 20 гаруй хүүхэд амиа хорложээ. Хүүхдүүдийн ихэнх нь нийгмийн сүлжээгээр 1-10 гэх дугаартай даалгавар хүлээн авч, төсгөлд нь судсаа ханах, өндөр барилгаас үсрэх зэргээр амиа хорлодог байв.
Олон улсад “Цэнхэр халим”-ыг ОНЦ АЮУЛТАЙ гэж үзсээр байна. Гэхдээ өнөөг хүртэл “Цэнхэр халим” эсвэл “Момо”-гийн ард хэн байгааг тогтоож чадаагүй. “Microsoft” компани Момогийн ард хэн байгааг тогтоохоор ажиллаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ