Ким Чен Уны орчуулагчийг Усайн Болттой зүйрлэжээ

Вьетнамын нийслэл Ханой хотноо ТРАМП-КИМ нарын уулзалт зохион байгуулагдаж байна. Удирдагчид өнөөдөр ганцаарчилсан уулзалт хийж, тансаг зоогийн ширээний ард оройн зоог барьцгаажээ.

 

 

Уг уулзалтын гол зорилго "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал" хэмээн хоёр тал мэдэгдээд буй юм.

 

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Америкийн "CNN" агентлаг залуу удирдагчаас "Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн үү?" гэж асуухад Ким Чен Ун "Хэрвээ үгүй байсан бол би энд ирэхгүй байсан" гэж инээмсэглэн хариулсан байна.

 

Ким Чен Ун хоёр өдрийн өмнө 2,400 км замыг туулан, Ханой хотноо ирсэн юм.  Вьетнамын тал удирдагчид сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд бүхий л боломжоо ашиглажээ.

 

БНХАУ-ын өмнөд нутгаар 70 цаг явж өнгөрсөн удирдагчийн хуягт  галт тэрэг Вьетнамын хилийн ойролцоох Дон Дан галт тэрэгний буудалд ирэхээс урьтаж, улаан хивс засаж, цэргийн хөгжимчдийг байршуулсан аж. Мөн холгүй улаан цэцэг барьсан иргэдийг зогсоосон байна.

 

Төлөвлөгөөний дагуу залуу удирдагч улаан хивсээр алхаж, Вьетнамын төлөөлөгчтэй уулзах үед Хойд Солонгосын айлчлалын багийн гишүүн, удирдагчийн орчуулагч бага зэргийн алдаа гаргасан талаар "TIME" сэтгүүлд бичжээ. 

 

Учир нь Ким Чен Ун, Вьетнамын төлөөлөгчтэй хэдийнэ уулзаж, гар барих үед орчуулагч түүний ард байгаагүй аж. Улмаар орчуулагч маш хурдтай гүйж очин, удирдагчийнхаа үгийг гадаадын төлөөлөгчид уламжилсан байна. 

 

"Орчуулагч бага зэрэг оройтсон бол түүнд юу тохиолдох нь нууц байлаа" гэж Америк сэтгүүл бага зэрэг даажигнажээ. 

 

Дэлхийн хэвлэлүүд удирдагчдынхаа хамт бус ардаас нь хөөн гүйн очсон орчуулагчийг 100 метрийн дэлхийн рекордыг эвдсэн алдарт тамирчин Усайн Болттой зүйрлэн бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ