Удирдагчид тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцахаар боллоо

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

 

ТРАМП-КИМ нарын уулзалтаас Пхеньяны тал цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж, улмаар Вашингтоны хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулахаар төлөвлөсөн ч бүтэлгүйтжээ.

 

Уулзалтын уур амьсгал хэдий сайхан байсан боловч удирдагчид цөмийн хөтөлбөр эсвэл эдийн засгийн хоригийн талаар нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй, нутаг буцахаар болсон байна. 

 

Ким Чен Ун "Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээгээ нэн даруй цуцлах хэрэгтэй. Манай улс ТРАМП-КИМ нарын анхны уулзалтын үеэр амласан ёсоороо цөмийн зэвсэг болон пуужингийн үйлдвэрлэлтээ зогсоосон. Харин өнөөг хүртэл АНУ амлалтаа биелүүлэхгүй байна" гэж мэдэгджээ.

 

Трамп хариуд "Эдийн засгийн арга хэмжээг бүрэн цуцлах тал дээр эсрэг байр суурьтай байгаа. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах, пуужингийн талбайгаа бүрэн цуцалсан цагт энэ талаар дахин ярилцаж болно" гэв.

 

Тэрбээр үргэлжлүүлэн "Хойд Солонгосын хөгжил цэцэглэлтэд АНУ чинь сэтгэлээсээ хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна. Мөн Өмнөд Солонгос болон Япон бидэнтэй нэгдсэн байр суурьтай байна" гэж хэллээ. 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэвлэлийнхэнд "Харамсалтай нь удирдагчид нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй салахаар боллоо. Хоёр тал уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байсан" хэмээв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ