Бразилийн экс Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильва өчигдөр ач хүүгийнхээ оршуулгын ажиллагаанд оролцохоор болж, шоронгоос түр суллагдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Экс ерөнхийлөгчийн ач хүү Артур менингит өвчний улмаас хоёр өдрийн өмнө амьсгал хураасан байна.
Түүнийг оршуулах болох газарт очихоос урьтаж, хуулийнхан ямар нэгэн болзошгүй халдлагаас сэргийлэн хамгаалалтад гарсан аж. Учир нь оршуулга болж байсан газраас холгүй олон зуун Сильвагийн дэмжигчид "Түүнийг нэн даруй сулла" хэмээн хашгирч, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Сильваг Куритаби хот дахь шоронгоос гаргаж, нисдэг тэргээр оршуулга болох газар хүргэсэн аж.
2003-2010 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сильваг 2018 онд авлига, мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж, шүүхээс 12 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.
Хэдий тэрбээр авлигын хэргээр ял сонссон ч түүний санаачилсан нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олон сая бразилчуудыг ядуурлаас гаргасан буянтай нэгэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |