Пакистан амласан ёсоороо олзолсон Энэтхэг нисгэгчийг суллаа

Пакистаны армийнханд олзлогдоод байсан Энэтхэг нисгэгч Абхинандан Вартхама эрх чөлөөтэй болж, нутагтаа эсэн мэнд ирсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Энэтхэгтэй зөрчилдөх сонирхолгүй буйгаа Пакистаны Ерөнхий сайд Имрах Хан өнгөрөгч долоо хоногт мэдэгдэж, найрамдал хийх зорилгоор олзлогдоод буй Энэтхэг нисгэгчийг суллахаа мэдэгдсэн юм.
Дээрх шийдвэрт Энэтхэгийн эрх баригчид талархаж буйгаа мэдэгдэж, хоёр улсын дунд үүсээд буй зөрчилдөөнийг эв зүйгээр шийдвэрлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Нисгэгч Вартхама нутагтаа ирэхдээ хувцсаа сольж, хослол өмссөн байв. Тэрбээр хэвлэлийнхэнд "Би сайн байгаа. Бүү санаа зов" хэмээн хэллээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа "Гэртээ тавтай морил Абхинандан Вартхама. Үндэстэн даяараа чиний эрх зоригоор бахархаж байна" гэж жиргэжээ.
Энэ сарын 14-нд Кашмер муж дахь Энэтхэг цэргүүдийн цувааны дэргэд Пакистаны амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 40 хүнийг хөнөөсөн юм. Уг үйл явдлын дараа хоёр улс зөрчилдөж, харилцан гал нээжээ.
Энэтхэгийн армийнхан босогчдын бүсэд агаараас цохилт өгсний хариуд Пакистаны армийнхан Энэтхэгийн хоёр онгоц руу гал нээж, сөнөөсөн билээ. Улмаар Пакистанд осолдсон онгоцны нисгэгчийг олзолсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ