ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ шүүх хуралд ирсэнгүй

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч дахин хойшиллоо. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд 10 гаруй гэрчийг оролцуулах хүсэлт тавьсан аж. Харин гэрчүүд ирээгүй учраас шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байна. Дараагийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлогдлоо.
Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх “Бид 10 гэрч, нэг шинжээч оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралд гурван гэрч ирлээ. Дуудсан бусад хүмүүс ирээгүй байна. Зарим нь ирэхгүй, чадахгүй гэж хэлж байна. Дараагийн хуралдаанд дуудсан хүмүүсийг бүгдийг нь оролцуулах байх” гэсэн мэдээллийг өглөө.
Шүүх хуралд ЗТХ-ийн тухайн үеийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг гэрчээр дуудсан байна. Өнөөдрийн хуралд дэд сайд асан Д.Цогтгэрэл оролцов.
Шүүх хуралд гэрчээр оролцсон ЗТХЯ-ны дэд сайд асан Д.Цогтгэрэл “Энэ бол архинаас үүдсэн хоёр хүний ердийн нэг маргаан биш. Ажил алба, хэсэг бүлэг хүмүүсийн шуналтай холбоотой асуудал. Манай талийгаач үүний золиос боллоо. Энэ шүүх хурлаас их олон зүйл хүсч хүлээж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ