Д.Дамба-Очир: Алтны татварыг 5 хувь болгосноор төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ

20:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслөөр алтны татварыг 5 хувь болгохоор тусгасан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Татвар нэмснээр алтнаас орж ирэх татвар нэмэгдэх үү" гэдгийг тодрууллаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:
-Одоо зөвхөн таван хувиар алтан дээр татвар авна. Бусад татварыг нь болиулж байгаа. 2018 онд роялтигийн татвар 2.5 хувь байсан. Таван хувь болгосноор татвар болон төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Хулгайд алдагдах эсэх нь гайгүй байх гэж бодож байна. Хил гааль дээр 40 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж тавьж байгаа. Хууль, хүчнийхэн сайн ажиллах хэрэгтэй гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хувь хүн бол НӨАТ төлөгч биш. Компаниуд хувь хүнээр алтаа тушаалгадаг. Яагаад гэвэл 3 тэрбумаас дээш орлоготой болчихвол 25 хувиар татвараа төлнө. МАН ингэж иргэдээ хуурч байна гэлээ.
Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асуусны дараагаар санал хураалт явууллаа. Ашигт малтмалын тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа
19:50 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах заалттай холбоотой "ялыг хүндрүүлж болно" гэсэн нь хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэжээ. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан "Үндсэн хуулинд давж заалдах эрхтэй гээд бичсэн байдаг. Процессийн хуульд давж заалдах эрх байдаг. Давж заалдах эрх бол цорын ганц эрх. Давж заалдлаа гээд ялыг нь нэмж болохгүй. Эрүүгийн хуулийг хамаагүй оролдож болдоггүй юм. ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байлаа.
Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээх авахыг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 88 хувийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа. Үргэлжлүүлээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
19:15 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах эсэхийг намын бүлэг шийддэггүй. Байнгын хороогоор хуралдуулаад шийдээд явах хэрэгтэй" гэлээ. УИХ-ын Тамгын газраас зөрчилтэй асуудал байхгүй болохыг тайлбарлалаа.
Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ